-ОДООГООР ЯМАР ҮЙЛДВЭРИЙН АРХИНД ХОРДСОН НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх "Амьдрах ухаан" сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд харьяалагддаг 28-60 насны дөрвөн иргэн амиа алджээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр тэд согтууруулах ундаанаас хордож амиа алдсан гэв. "Амьдрах ухаан" сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргатай утсаар холбогдож тухайн үед юу болсон талаар тодруулсан юм. Тэрбээр "Манай төв нийслэлийн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай хүмүүст үйлчилдэг газар. Ер нь жил бүр цаг агаар хүйтрээд эхлэхээр гэр оронгүй хүмүүс ирэх нь ихэсдэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүл үеэс гэр оронгүй иргэд манай төвд олноор ирсэн. Тэр үеэр харамсалтайгаар амиа алдаад байгаа дөрвөн иргэн ирсэн. Бид бүх хүмүүст тэгш үйлчлэхийг хичээж ажилладаг. Эдгээр иргэдийг архи, согтууруулах ундаа уулгахгүй байх талаар зөвлөгөө, сургалтад хамруулж ажлын байраар хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Талийгаачдын хувьд хоёр хоногийн өмнө тэд согтууруулах ундаа уусан бололтой ирсэн. Тэгээд гэнэт биеийн байдал нь муудсан. Бид яаралтай түргэн тусламж дуудаж, гэр оронгүй иргэд хэвтэн эмчлүүлдэг "Энэрэл" эмнэлэгт аваачсан боловч харамсалтайгаар амиа алдсан. Цагдаа нар хэргийг шалгаж байгаа. Одоогоор юунд хордсон нь тодорхойгүй байна. Удахгүй юунаас болж амиа алдсан талаар шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар бүх зүйлс тодорхой болох байх" гэлээ.
Харин өөр нэг албаны эх сурвалжаас авсан мэдээллээр дөрвөн хүн архинд хордож амиа алдсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа гэнэ. Хэргийг мөрдөж байгаа цагдаа нарын үзэж буйгаар талийгаач нар архинд хордож амиа алдсан нь тодорхой байгаа аж. Харин ямар архинд хордсон болох нь одоогоор тогтоогдоогүй байгаа юм байна. Гэрчүүдээс авсан мэдүүлгээр "Амьдрах ухаан" сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд орой Н, Б нар архи уучихсан ирсэн гэнэ. Харин Б, Ю нар огт гараагүй өнжсөн байна. Тус төвийнхөн архи уугаад агсам тавьсан иргэдийг цагдаад дуудаж өгдөг. Харин архи уусан ч ямар нэг зөрчил гаргаагүй иргэдийг хонуулдаг байна. Гэтэл Н, Б, Ю, Б нарын бие гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдэн, анхны тусламж авч байхдаа амиа алдсан байна.

Сэтгэгдэл ( 1 )
um maani pad me hum