Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, өрх үүсэх, голын дагууд харз, тошин гүйх, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Жишээлбэл: Ус судлалын харуул Бүгсий-Төмөрбулаг, Чулуут-Чулуут, Туул-Заамар, Бороо-Борнуур, Сэлэнгэ-Тосонцэнгэл орчимд мөсний зузаан 2-5 см багасаж, зузаарлын эрчим буурсан байна. Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-60 см нимгэнмөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг гарам бус газраар авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )