МУЗН-ийн үндэсний чуулган энэ сарын 25, 26-нд болж, ерөнхийлөгчөө сонгожээ. Тус нийгэмлэгийн ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Н.Энхболд болон НИТХ-ын дарга, МУЗН-ийн дэд ерөнхийлөгч Д.Баттулга нар өрсөлдөж, Н.Энхболд МУЗН-ийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон байна. Чуулганд дунд шатны хорооны тэргүүн, дарга нар болон чуулганы төлөөлөгч байх тодорхой шалгуурыг хангасан гишүүд, сайн дурынхан гэхчилэн 200 гаруй хүн сонгогдон оролцжээ. Мөн Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоог төлөөлж Ази, Номхон далайн бүсийн захирал Жаган Чапагэн, Зүүн Ази бүсийн төлөөлөгчийн газрын дарга Мартин Фаллер, Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тор Даниелсон, ОУУЗХ-г төлөөлж Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны зохицуулагч Айрис вон Бригелен, Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Алейн Вуилемиер нар болон Их Британи, Финлянд, Австрали, Япон зэрэг МУЗН-ийн гол түншлэгч байгууллагын төлөөлөл ажиглагчаар оролцжээ. Энэхүү чуулганаар МУЗН-ийн шинэчлэлийн нэгэн үеийг эхлүүлж буйд төлөөлөгчид санал нэгтэй байж, шинэчилсэн дүрэм, 2020 он хүртэлх хөгжлийн стратеги, төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. МУЗН-ийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах бодлогын бичиг баримт болсон дүрмээ шинэчлэн баталсан байна.

Сэтгэгдэл ( 0 )