Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Сонгинохайрхан дүүргийн “Амьдрах ухаан төв”-д гарсан хордлогын талаар танилцуулсан юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир хэлэхдээ “
“Хоёр дугаар сарын 22-ны оройн 22 цагт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 3 хүн хоол хүнсээр дамжих өвчнөөр нас барсан, 1 хүн хордлогот халдварын тохиолдол илэрсэн гэсэн мэдээллийн дагуу тус дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-р гудамжинд байрлалтай “Амьдрах ухаан” сургалтын төвд Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид ЭМС-ын А185 тоот тушаалын дагуу тандалт судалгаа, хяналт шалгалтыг 2014 оны 2 дугаар сарын 22-ны оройн 23 цаг 10 минутаас 23-ны 03 цаг хүртэл хийж ажилласан” гэсэн юм.
Хэд хоногийн өмнө өвчтөн Д.Отгонбаяр, Д.Отгонбат нараас Арслант, үйлдвэрлэгч нь тодорхойгүй Их Монгол архи “Амьдрах ухаан” төврүү авч орох гэж байхад нь хурааж авсан бөгөөд хураасан архийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй Үндэсний лавлагаа лабораторит хүргүүлж шинжлэхэд шууд үхэлд хүргэх үзүүлэлт гараагүй байна. Харин тухайн өдөр эмнэлэгт өгсөн хоолонд хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүнийг НМХГ-ын Нэгдсэн төв лабораторит шилжүүлж, эхний байдлаар тус төвөөс өгсөн хоол хүнснээс хордсон гэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Харин нас барсан иргэд цэнхэр өнгийн шингэн уусан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа нь цонх угаадаг шингэн байх магадлалтай тул үхэлд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ үйл явдлаас хүнсний аюулгүй байдал, хяналт алдагдсан нь харагдаж байна. Хуурамч архи зарсан борлуулагчид хариуцлага тооцох хууль эрх зүйн орчинг сайржуулах шаардлагатай. Хамгийн гол нь үйлдвэрлэгчээс борлуулагчид хүргүүлж байгаа бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлж, хэнээс, хэзээ, хэдийг авсан гэдгийг тодорхой байлгаж, хяналт тавих нь эзэнгүй, хуурамч бүтээгдэхүүн борлуулахаас урьдчилан сэргийлж чадна. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх, хуулийг мөрдөх нийтлэг журам боловсруулъя” гэлээ.Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар холбогдох албаныхантай хамтарч Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх нийтлэг журам боловсруулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )