Манай улсын хувьд сүүлийн 20 жилд элэгний өвчлөл 4 дахин нэмэгджээ. Тодруулбал жилд 12000-13000 хүн элэгний хорт хавдрыг шинээр оношлуулж байгаа юм. Хамгийн харамсалтай нь шинжилгээ өгч элэгний өвчтэй гэдгээ мэдсэн иргэдийн 85-89 хувь нь эмчилгээгүй болсон байдаг аж. Мөн тэдний 80 хувь нь оношлуулснаас хойш зургаан сараас нэг жилийн дотор хорвоог орхиж байгаа нь харамсалтай.
Бохир гарын шарыг ор мөргүй устгасан цагт л энэ айхтар өвчлөл буурах янзтай юм байна. ДЭМБ олон улсын байгууллагатай хамтарч хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 20 орчим хувь нь элэгний В, С вирустэй гэсэн дүн гарчээ. Элэгний өвчнөөр эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өвчилдөг бөгөөд 2009 онд улсын хэмжээнд элэгний өвчинд нэрвэгдэгсдийн 84 хувь нь 40-49 насны эрчүүд байжээ. Элэгний хорт хавдрын өвчлөлийг улс орноор нь гаргасан жагсаалтад Монгол Улс тэргүүлсэн.
Вирусийн гаралтай элэгний үрэвсэлд тусгай эмчилгээ байдаггүй. Зөвхөн давс, өөх тосгүй хоол өгөх зэргээр тусгай хоолны дэглэм бариулна. Мөн шарсан, даршилсан хүнсний бүтээгдэхүүн, халуун ногоо идэж болохгүй. А, D, Е, С, В6, В12 аминдэм, тэдгээрийг агуулсан хүнсний бүтээгдэхүүн, дархлаа сайжруулах, вирусийн эсрэг үйлдэлтэй бэлдмэлүүд, элэгний үйл ажиллагааг сэргээх, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах, тамир оруулах бэлдмэл зэргийг хэрэглэдэг. Эмчилгээ нь вирусийн үржлийг зогсоох, элэгний үрэвслийг дарах гэсэн зорилгоор хийгддэг. Цаг алдалгүй эмчилгээ хийгдсэн нөхцөлд нааштай үр дүн гардаг байна.
Манайхан элэгний өвчтэйгээ мэдсэн бол сэтгэлээр унадаг. Хамгийн гол нь тэдний толгойд бараг л үхэх гэдэг үг ордог нь нууц биш. Тиймээс энэ талаар туршлагатай их эмчтэй ярилцсанаа хүргье. Өнгөрөгч намар сэтгүүлч Б.Эрдэнэцогтод элэг шилжүүлэн суулгасан эмч ийн ярьсан юм. Уншигч та бүхэнд хэрэг болох болов уу гэдэг үүднээс дахин нийтэллээ. Энэтхэг улсын Дели хотын "Sir Ganga Ram" их эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын ахлах эмч Намиш Мехта.
-Б.Эрдэнэцогтын биеийн байдал ямар байна. Та хэзээ авч явах вэ?
-Хугацаа их алдсан нилээд хүндэрсэн байна. Бид авч яваад өөрсдийнхөө чадах бүх зүйлээр тусална. Маш хурдан хугацаанд авч явах шаардлагатай нэг хоёр хоногийг ч гэсэн алдмааргүй байна. Виз нь бүтчих юм бол маргааш (өнөөдөр) аваад явна. Ийм хүндэрсэн өвчтэй хүнийг онгоцоор авч явахад мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөө тусламж их хэрэгтэй байдаг юм.
-Ямар эмчилгээ хийх вэ?
-Элэг шилжүүлэн суулгана.
-Донор нь ямар хүн байна. Өөрийнх нь элгийг бүтнээр нь авна гэсэн үг үү?
-Тийм ээ, өөрийнх нь элгийг аваад оронд нь донорын эрүүл элэгний талыг шилжүүлэн суулгадаг юм. Б.Эрдэнэцогтын донор 30 орчим настай хамаатных нь залуу байна билээ.
-Донорын биед хүндрэл гардаг уу, хэдий хугацаанд элэг нь төлжих вэ?
-Донорт ноцтой хүндрэл гарахгүй ээ. Хагалгааны дараа долоо хоног эмнэлэгт хэвтэнэ. Гурван сарын дараа хэвийн байдалдаа орж зуун хувь нөхөн төлждөг юм. Долоо хоногийн дараагаас л хэвийн амьдралдаа орж болно. Ажилдаа явж машин барьж, жирэмсэлж ч болно шүү дээ.
-Заавал садан төрлийн хамаатан байгаад, эрэгтэй хүнд эрэгтэй донор байх ёстой юм уу?
-Үгүй ээ. Эрэгтэй эмэгтэй бол хамаагүй. Эрэгтэй хүнд эмэгтэй донор байж болно. Харин хүүхэд болохгүй. Өөртэй нь ижил бүлгийн цустай 18-55 насны элэг нь эрүүл хүн байх шаардлагатай. Таван үе дотроо байгаа садан төрлийн хүн нь байвал сайн байдаг юм.
-Та элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хэзээ анх хийж байсан бэ. Хэдэн жил энэ чиглэлээр ажиллаж байна?
-Элэгний эмчилгээний чиглэлээр 20-иод жил ажиллаж байна. Анх 2005 онд Англи эмэгтэйд энэ мэс заслыг амжилттай хийж байсан. Харин Монголоос 2011 онд Энхжаргал гэж 40 орчим насны эмэгтэй надтай очиж уулзаад мэс засалд орсон. Түүнээс хойш Монголын 15 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Мөн Ай.Төмөр-Очир гэж зохиолч, сэтгүүлч хүн энэ хагалгаанд орсон, охин нь нэг нас хүрээгүй хүүхдээ орхиод очиж донор болж байсан.
-Хагалгаанд орсон өвчтөн болон донорт дараа нь ямар эмчилгээ хийдэг вэ?
-Хагалгаанд орсон хүмүүстэйгээ үргэлж холбоотой байж биеийн байдалд нь хяналт тавьж ажилладаг. Гэхдээ ямар ч эмчилгээ эм тан хэрэглэх шаардлагагүй шүү дээ. Монголд ирээд хагалгаа хийсэн 15 хүнтэйгээ уулзлаа. Бүгдийнх нь элэг нь ямар ч асуудалгүй болсон байна. Тэднийгээ эрүүл саруул сайхан амьдарч байгааг хараад их баяртай байна.
-Монголд элэгний өвчин их байдаг юм. Яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Хамгийн түрүүнд "В" вирусийн вакцин хийлгэх хэрэгтэй. Монголчууд дандаа элэг нь болохоо байгаад эцсийн шатанд орохоороо манай эмнэлэгт хандаж байна. Ийм байж болохгүй. Вирус авсан өвчилсөн ч гэсэн хүндрээгүй байхад нь эмчлүүлээд цоо эрүүл элэгтэй болж болно шүү дээ. Эрдэнэцогтын хувьд ч гэсэн хүндрээд элэгний хатуурал болсон байна.
-Монголд элэгний эмчилгээ муу байна уу?
-Энд ирээд хэд хонох хугацаанд олон хүн надад хандаж байна. Тэдний ярьснаар "Элэгний вирустай, хатууралтай хүмүүсийг эмчилж цоо эрүүл болгох эмчилгээ Монголд байдаггүй. Элгээр олон хүн нас бардаг" гэж байна. Үнэхээр харамсалтай юм. Элэгний өвчин заавал хүн үхээд байх өвчин биш, хүндрээгүй бол эмчлээд л эрүүл болгоно. Хүндэрсэн тохиолдолд элэг шилжүүлэн суулгана. Тэгээд л болоо шүү дээ.
Н.ГАНЧИМЭГ
Сэтгэгдэл ( 0 )