Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өнгөрсөн онд шинээр байгуулагдсан билээ Тус хэлтэс тусгай хамгаалалттай газар нутаг тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх зэрэг байгаль орчин, геологи уул уурхайн салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг.
Тус хэлтсийн алба хаагчид өнгөрсөн сард дэлхийд ховордож улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг хөлдөөн Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод зөөвөрлөн зарж борлуулах гэж байсныг илрүүлжээ. Мөн Сонгинохайран дүүргийн 9 дүгээр хороонд оршин суух 50 настай иргэн өөрийн гэртээ ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугын арьс нэг, шонхор шувуу найман, сар шувуу нэг, шар шувуу хоёр ширхэг, бүргэдийн эд эрхтэн хууль бусаар хадгалан, бусдад худалдаалж байсныг олж тогтоон, эд мөрийн баримтаар дээрх зүйлийг хураан авч тус дүүргийн хоёрдугаар Цагдаагийн хэлтэс харъяаллын дагуу шилжүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Bid uuh usgui bolvol ene hairan amitad nuuj durvuj alga bno!!!