Монголын сэтгүүлзүйн салбарт шинэ өнгө төрх нэмж, олны талархлыг богино хугацаанд хүлээж чадсан тэргүүлэгч сэтгүүлүүдийн нэг болох Гранд хэвлэгдэн гарсаар дөрөв дэх жилтэйгээ золгож байна.
Тус сэтгүүлээс анх 2011 онд Улс төр, Урлаг, Бизнес, Нийгэм соёл, Спорт, Хүмүүнлэгийн салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг эмэгтэйчүүдээ алдаршуулан, тэдний бүтээлч үйлсийг сурталчлах, хөхиүлэн зорилгоор “Grand lady” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж байсан.
Тэгвэл уг ёслол өнгө төрхөө өөрчлөн тэлсээр өнгөрсөн оноос “Grand people” нэртэйгээр нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрч, хичээнгүй үйлсээрээ тэргүүлж яваа эрчүүдийг хамруулан алдаршуулах болсон.
Алдартнуудыг “Гранд” сэтгүүлийн редакци болон зохион байгуулах комисс сонгон нэр дэвшүүлснээр, олон нийтийн санал асуулгад үндэслэн шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.
Түүнээс гадна тус сэтгүүлийн редакцийн шууд сонголтоор, “Хүндэт Grand mаn”, “Хүндэт Grand lady” нарыг сонгон өргөмжилдөг уламжлалаа ч мөн дагах аж. Тус ёслолын ажиллагааны дээр дурдсан зургаан номинацид нэр дэвшигчид хэдийнээ тодорхой болсон бөгөөд шилдгийн шилдгийг тодруулах санал асуулга энэ сарын 1-нээс гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэл http://www.grandnews.mn сайтаар үргэлжлэн явагдах аж.

Сэтгэгдэл ( 0 )