Өнгөрсөн бямба гаригт БНХАУ-аас оруулж ирсэн 1.6 сая тун шүлхийн вакциныг горим нь алдагдсан чингэлгээр зөөсний улмаас хөлдсөн тухай мэдээллийг бид хүргэсэн. Гэтэл энэ асуудлаар холбогдох албаныхан өнөөдрийг хүртэл тайлбар хийсэнгүй. Ямар ч байсан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори Хятадаас ирсэн вакциныг хүлээж авахад оролцоогүй аж.
Тус байгууллагын мэргэжилтний хэлснээр, УМАЭЦТЛ-ийн үндсэн үйл ажиллагаа улсын хэмжээнд гарсан малын халдварт болон халдварт бус өвчнийг эцсийн байдлаар оношлоход чиглэгддэг бөгөөд вакциныг шинжлэх ажилд оролцдоггүй юм байна. Гэхдээ өнгөрсөн баасан гаригт ОХУ-аас оруулж ирсэн шүлхийн вакциныг хүлээж авахад оролцож, өөрийн хашаан дахь зориулалтын агуулахад байрлуулсан ажээ.
Малын гоц халдварт шүлхий өвчний тархалт хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3000 орчим малыг устгалд оруулаад байна. ОБЕГ, МХЕГ-аас ард, иргэдийг сонор сэрэмжтэй байж, халдвар тархсан бүсүүд рүү зорчихгүй байхыг анхааруулсан.

Сэтгэгдэл ( 0 )