Өчигдөр 16.00 цагийн үед Дарь-Эхийн замд суудлын автомашин том оврын автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Хотын төвөөс Дарь-Эхийн чиглэлд зорчиж явсан "Автобус-3" компанийн 0384 УБЧ дугаартай III, IV хороолол Тоосгоны үйлдвэр чиглэлийн автобусыг хөдөлгөөнд оролцож явахад нь гэнэт "Соната-4" маркийн саарал өнгийн суудлын жижиг тэрэг урсгал сөрөн орж иржээ. Ингэхдээ нэлээд хурдтай орж ирсэн байна. Энэ үед автобусны жолооч сандарсандаа хурд сааруулагчаа огцом гишгэж баруун гар тийш жолоогоо дарж хашлага тулж зогсох үйлдэл хийсэн байна. Яг энэ үед жижиг тэрэг эрчтэй ирж мөргөжээ. 1969 УБТ улсын дугаартай "Соната-4" суудлын машин хурдтай явсан учраас мөргөх үедээ зам дээр бүтэн эргэж дахин хамраараа автобусын урд хэсгийг мөргөсөн аж. Тухайн үед машинд жолоочоос өөр зорчигч байхгүй байжээ. Харин автобусанд 20 гаруй хүн зорчиж явсан байна. Мөргөлдөх үед автобус огцом зогссоны улмаас зарим иргэд суудлаасаа унах буюу цонхоо мөргөжээ. Гэхдээ ноцтой гэмтэж бэртсэн хүн байхгүй аж. Бага насны нэг хүүхэд байсан бөгөөд доргилтоос үүдсэн гэмтэл одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Суудлын авто машины жолооч ослын үед хамрандаа хүнд гэмтэл авч, нүдэнд нь цус хурсан байдалтай байв. Мөн баруун хөлний өсгийний яс цуурсан байжэ. Өөр ил харагдах шарх сорвигүй хэдий ч эмнэлэгт хүргэгдсэн юм. Ослын улмаас хоёр цаг орчим замын хөдөлгөөнд түгжрэл үүссэн бөгөөд тэр хавийн оршин суугчид цугларсан байлаа. Зарим иргэдийн ярьж буйгаар суудлын машин түгжирсэн замаас гэнэт хурд нэмэн гарч сөрөг урсгалд орсон гэсэн юм. Автобус хурд хэтрүүлж явсан гэх хүмүүс ч байсан. Ер нь Дарь-Эхийн чиглэлд явдаг автобуснууд хурд хэтрүүлэх, машинтай өрсөлдөж явах нь олонтой гэнэ. Түүнчлэн энэ чиглэлийн замын хувьд нарийхан учраас ихэнхдээ түгжрэл үүсдэг бөгөөд микро автобус болон залуухан жолооч нар урсгал сөрөх үзэгдэл элбэг гардаг байна. Ямартай ч ослын шалтгааныг цагдаагийнхан тодорхой гаргахаар ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )