1. Сонирхол дээр нь ДӨРӨӨЛ. Эрчүүдийг өөртөө татах хамгийн энгийн, нааштай арга бол түүний хоббиг “үйл ажиллагаа”-ндаа ашиглах юм. Залуу чинь ууланд авирах хоббитой байлаа гэж бодъё. Харин чи өндрөөс айдаг. Гэхдээ үүнийг проблем болголгүйгээр, зориг гарга. Чиний шинэ зүйлд тэмүүлж, айдсаа даван туулахаас буцахгүй байдал чинь түүнийг татаж болно шүү дээ. Өөрийгөө ялах дуртай, хүчтэй, дайчин эмэгтэйгээс татгалзах эр бий гэж үү? Тэр чиний нэг ч удаа оролдож үзээгүй гольфод дуртай байж болно. Дараа цуг тоглож үзье гэж хэл. Тэр чиний хувьд дэндүү ойлгомжгүй “гүн ухааны” кинонд дурлагч байж магадгүй. Харин ч сайн хэрэг. Чамд шинийг мэдрэх боломж гарч ирж байна.
2. Авьяасаа гайхуул. Бүсгүй минь чи өөрийнхөө мэргэжлийн юм шиг фото зураг дардаг, сагсны шийдэнд бөмбөг шидэхдээ хэзээ ч алддаггүй, татгалзахын аргагүй амттай хоол хийдэг, ороолт малгай цамц гээд л өөртөө төрөл бүрийн загвар гаргаж хувцас оёдог, маш сайхан дуулдаг гээд л хамгийн сайн хийж чаддаг зүйлээ бүү нуу. Ямар нэгэн зүйлд маш сайн, бүр авьяастай байна гэдэг сэтгэл татам зүйл бөгөөд эрчүүд чадвартай, өөртөө итгэлтэй бүсгүйд дуртай. Өөрийгөө үгээрээ магталгүйгээр, үйлдлээрээ бусдаас илүү гэдгээ харуулах боломжийг бүү алд. Сайхан дуулдаг бол “Хоёулаа юу хийх үү?” гэж асуухад нь караокед оръё гэж хэл. Сайн нэхдэг бол, дараа уулзахдаа өөрийнхөө хийсэн ямар нэг хувцасыг өмсөөд оч. Орчуулга сайн хийдэг бол дуртай англи дууных нь үгийг хөрвүүлээд илгээ. Түүнд үнэлүүл.
3. Хошин шогийн мэдрэмжтэй бай. Дэргэдээ байгаа залуугаа инээмсэглүүлж, инээлгэж, хөгжөөнтэй байлгана гэдэг түүний сонирхолыг татах бас нэгэн арга. Ухаалаг байдлаараа, гэнэхэн егөөдөл, наргианаараа, сэтгэл татам энгийн яриагаараа гээд ямар нэгэн байдлаар түүнийг инээлгэнэ гэдэг хажуудаа наалдуулах том заль. Жаахан охин шиг томоогүй зан, алсын хараатай ухаалаг байдал, цагийг нь олж гаргасан сээтэгнүүр ааль гурав нийлвэл ямар ч эрийг буулгаж чадна. Гэхдээ мэдээж хүр хар хийгээд л болхи бүдүүдлэг үг яриагаар инээлгэх дэмий гэдгийг Гоолингоо бүсгүй мэддэг л байж таараа.
4. Түүнийг дэмж. Анхаарал халамж тавьж, зөвлөгөө өгөх нь таны түүнтэй үүсгэхийг хүссэн харилцааг тогтворжуулна. Яриаг нь дэмжиж, өөрийг нь магтвал тэр ч бас тантай л байхдаа өөрийгөө “эр хүн” гэдгийг мэдэрнэ. Мэдээж түүний ээж эсвэл эгч шиг гэрийг нь цэвэрлэж, хоолыг нь бэлдээд л өдөр шөнөгүй утас цохино гэсэн үг биш. Харин хэрэгтэй үед, зөв цагтаа түүний хамгийн сайн сонсогч байж, шантрах үед нь дэмжиж, амьдралынх нь нэгэн хэсэг болохыг хүсч буйгаа мэдрүүлэх хэрэгтэй. Түүний чадал, ухаанд бүрэн итгэж байгаагаа харуулах нь чухал. Худал онгироох биш шүү.
5. Гадаад төрхөндөө анхаар. Хуруу зузаан энгэсэг түрхэхийг хэлж байгаан биш шүү. Ямар ч эр хүн өөртөө арчаатай, цэвэрч, энгийн хэрнээ ихэмсэг, олны газар биеэ зөв авч явахын хажуугаар гадаад дүр төрхөндөө анхаардаг бүсгүйд татагддаг нь маргашгүй үнэн. 4, 5 дахь болзооноосоо л гэрийн өмд, дээрээ овоолсон үстэйгээ хаалгаа нээгээд зогсож байдаг бол одооноос ямар ч үед цэмцгэр харагдахыг хичээгээрэй. Гэхдээ байнгын нүүрээ будаж, даашинз өмс гэсэн үг бус өөрийнхөөрөө, дур булаам байхыг л хэлээд байгаам шүү дээ.
6. Өөрийн гэсэн үзэл бодолтой бай. Түүнийг дэмжиж байна гээд чиний үзэл бодолтой зөрчилдөх үг хэлсэн ч санал нийлнэ гэсэн үг биш юм. Чи бол биеэ даасан, хурц ухаантай эмэгтэй. Бага зэрэг зөрүүд, өөрийнхөөрөө зан эмэгтэй хүнийг улам сонирхолтой болгодог. Түүний сонирхолыг хүндэтгэхийн хажуугаар өөрийнхөө ч бас үзэл бодлыг ойлгуулж, өөрийнхөө хийх дуртай зүйлсэд түүнийг урвуулж яагаад болохгүй гэж. “Сонгодог урлаг бо нойрны эм” гэж хэлдэг байсан эрийг Дуурийн театрын “фен” болгож байсан бодит түүх бий шүү.
7. Эцэст нь өөрийн гэсэн урхийг ол. Эрчүүд гэдэг жижигхээн онцгой зүйлд дурладаг улс. Царайлаг залуу тийм ч “онц биш” эмэгтэйн юунд нь дурласныг гайхах хүн олон. Гэтэл чиний “онц биш” гэж үнэлсэн эмэгтэй өөрт таалагдсан залуу руугаа ямар онцгой, сэтгэл татам харцаар хардаг болохыг чи мэдэх үү? Зарим бүсгүйчүүд гайхахаараа гаргадаг өхөөрдөм царайгаараа ч эрчүүдийг дурлуулчихаж чаддаг. Эсвэл нүдээ тормолзуулж хөдөлгөдөг зуршлаараа, гэнэ гэнэхэн хэнгэнэтэл санаа алддаг зангаараа ч түүнийг дурлуулж болно. Өөрийнхөө урхийг хэрхэн олох вэ? Инээмсэглэсний чинь дараа АХИАД НЭГ ИНЭЭДЭЭ гэж хэлэхийг олон сонсож байснуу? Тэгвэл инээмсэглэл чинь таны урхи байж болох юм. Энэ мэтээр эрчүүд өөрийн чинь юуг илүү таашааж, сонирхож байгаагаа илэрхийлж байсныг бодоод үзээрэй.
Сэтгэгдэл ( 0 )