Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг багт оршин суух П,М гэгч нь өнгөрсөн оны наймдугаар сард тус сумын нутаг дэвсгэрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээ бүхий бодис биедээ авч явсныг цагдаагийхан илрүүлсэн талаар мэдээлж байсан. Тус бодис нь "Сэтгэцэд нөлөөлөх бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заагдсан "Тетрагидроканнабинолын" төрлийн ургамал аж. Тиймээс аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авч, хадгалах,тээвэрлэх, илгээх, борлуулах"гэмт хэрэгт буруутай гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 14-р шүүхэд шилжүүлсэн байна.
Сум дундын 14-р шүүх хэргийг өчигдөр хянан хэлэлцээд шүүгдэгч П, М-ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутайд тооцон, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )