Үзэг нь хурц, үг нь мэргэн сэтгүүлч нөхдөдөө Монголын сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 101 жилийн ойн мэндийг хүргэе. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл эрэл хайгуул хийж, үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэж сэтгүүлчдийн тэмдэглэлийн дэвтэрт дөрөв дэх засаглал оршиж байна.
Өнөөдөр Монголын сэтгүүлзүйн ардчиллын үнэт зүйлийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, буруу бусармагт шийтгэгч, зөв сайнд дэмжигч болон ажиллаж байгаа билээ. Өнгөрөн одсон 101 жилийн түүхийг дардан замаар урагшилсан гэхгүй ч өдгөө Монгол Улсын хамгийн том, өргөн хэмжээнд ажиллаж буй салбар бол яах аргагүй сэтгүүлзүй мөн.
Тэртээ 100 жилийн өмнө буюу 1913 оны гуравдугаар сарын 6-нд Монгол Улсад “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарснаар өнөөдрийн өнөр өтгөн сэтгүүлзүйн салбарын үндэс тавигдсан.
Сэтгүүлч гэдэг нэрийн цаана зөвхөн бичдэг, сурвалжилдаг хүмүүс биш, бүхэл бүтэн баг байгаа. Сэтгүүлчдэд Монголын ард түмэн хамгийн нандин зүйлээ өгсөн. Хамгийн үнэтэй зүйлээ эзэмшүүлсэн. Тэр нь бол нийгмийн оюун санааны хөтөч байх эрх.
Манай улсад өнөөдрийн байдлаар 126 сонин, үүнээс өдөр тутмын 16, долоо хоног тутмын 30 сонин гарч байна. Мөн улсын хэмжээнд 187 телевизийн суваг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 61 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн 400 орчим компанид 6500 гаруй хүн ажилладаг бөгөөд урлаг уран сайхны салбар гэж ангилдаг цэнгээнт салбарын хүмүүсийг нэмбэл 15 мянга гаруй хүн хүчин зүтгэж байгаа юм. Тиймээс эдгээр 15 мянган хүнд баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл ( 0 )