С.Сүхбаатар “110 сая төгрөг дансанд шилжүүлвэл гэрээ хийнэ” гэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг аймгийн ИТХ-ын долоо дахь хуралдаанаар огцруулсныг өнгөрсөн 12 дугаар сард Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжилсан билээ. Түүнээс хойш Засаг даргын албан тушаалын үүрэг гүйцэтгэгчээр орлогч Ш.Энхбат ажиллаж байгаа юм. Засаг даргаар ажиллаж байсан С.Сүхбаатар нь одоо тус аймгийн МАН-ын хорооны даргаар ажилладаг бөгөөд өөрийг нь огцруулсан хуралдааныг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандаад байгаа аж.

 

Түүнчлэн одоогоос хоёр жилийн өмнө “Эм Жи Би” компани Дундговь аймгийн Хулд сумын бичил уурхайгаас жонш худалдан авах хүсэлтээ тус аймгийн удирдлагуудад уламжилсан байна. Түүний дагуу тус компанид, энэ чиглэлээр хүсэлт илгээсэн 15 компаниас шалгарч үлдсэн талаар Дунговь аймгийн Засаг даргын Тамгын газраас албан тоот хүргүүлжээ. “Эм Жи Би” компанид илгээсэн Дундговь аймгийн Засаг даргын 2012.10.05-ны өдрийн 1/802 тоот илгээсэн байна. Тус тоотод “Танай компанид Дундговь аймгийн Хулд сумын бичил уурхайд жонш худалдан авах сонирхол илэрхийлсэн 15 компаниас шалгарсан явдалд баяр хүргэе. Тус аймгийн хөгжилд тусламж үзүүлэх зорилгоор танайхаас олгох 110.0 сая (нэг зуун арван сая) төгрөгийг манайтай гэрээтэй аймгийн төвийн авто замын ажлыг гүйцэтгэж буй "Зууны түншлэл" ХХК-ийн ХААН банк 5034427958 дансанд 10-р сарын 15-ны дотор шилжүүлсэн тохиолдолд гэрээг гурван жилээр байгуулах бөгөөд худалдан авалтыг гэрээ байгуулах явцад эхлүүлэх эрхийг олгож болно. Харин тусламж үзүүлэхээс татгалзвал гэрээ байгуулах боломжгүй бөгөөд худалдан авалтыг зогсооход хүрнэ” гэж бичсэн байна. Төгсгөлд нь Засаг даргын орлогч С.Сүхбаатар” хэмээн гарын үсгээ зуржээ.

Хэдхэн хоногийн өмнө МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй намынхан Дундговь аймагт ажиллажээ. Аймгийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзах үеэр С.Сүхбаатарыг аймгийн намын хорооны даргаас огцруулах ёстой хэмээн намын даргадаа уламжилсан байна. Аймагт МАН ялчихаад байхад Засаг даргын суудаа ч авч үлдэж чадаагүй хэмээн түүнийг нэлээд шүүмжилжээ. Иргэд нэгнийхээ хэлсэн үгийг дэмжин танхим дүүрэн алга нижигнүүлэн ташсан байна. Нэг ёсондоо С.Сүхбаатарыг намын дарга М.Энхболдын дэргэд хэлэх үггүй, нүүр хийх газаргүй болгосон ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
....(62.202.3.247) 2025 оны 03 сарын 13

Ehhh chaavaas ene uneheer jinhene alban toot mun uu???? Shuud racket baihaas ganda, ter bichgiin helleg yu veee!!! Tanaihnaas, manatai geree hiine ch geh shig arai chd eee!!!!

1  |  0
Top