Төрийн албан хаагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл, эмзэг бүлгийнхэнийг орон сууцаар хангах үүднээс “Буянт Ухаа I” хорооллыг барьсан. Уг хороолол ирэх тавдугаар сард ашиглалтад орох юм. Уг хорооллол Хан -Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт 4,5 га газарт баригдаж байгаа бөгөөд зах зээлийн үнээс хамгийн хямд, боломжын үнэтэй байх юм. Уг байранд орох хүсэлтэй иргэд хэзээ захиалгаа авахыг хүлээж, мөн зарим хэвлэл мэдээллээр дарга нар энэ барилгыг хувааж авах гэж байна гэсэн утгатай мэдээлэл яваад байгаад албан ёсны тайлбар өгөхөөр ТОК-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр Төрийн орон сууцны корпорацын ерөнхий захирал А.Гантулгаас үүнтэй холбоотой зарим зүйлийг тодруулсан юм.
-Уг байранд орох хүсэлтэй иргэдийг хэзээнээс бүртгэх юм бэ?
-Энэ сарын 10-наас 24-ны хооронд Түц машинаар бүртгэнэ. Түц машинд бүртгүүлэхэд эхний ээлжинд урьдчилгаа төлбөрийг нь авахгүй. Зүгээр л бүртгүүлэх хэрэгтэй байна. Бүртгүүлсэн иргэд сугалаанд орно. Сугалаагаар сонгогдсон бол 30 хувийн урьдчилгаагаа төлөөд банкны зээлээ гаргуулаад байраа авах юм. Энэ талаарх мэдээлэл ТОК-ын сайтуудаар байгаа.
-Яагаад энэ байрны 60 хувьд төрийн албан хаагчид орох юм бэ. Дарга нар авчих вий зорилтот бүлэгтээ очиж чадах болов уу гэсэн хардалт байгаа?
- Ямар ч байсан энэ байрны 60 хувьд төрийн албан хаагчид орно. Цагдаа, эмч, багш нар гэсэн үг. Энэ хүмүүсийн нийгмийн асуудал хэцүү байна. Бидний судалгаагаар нийт багш нарын 60-70 хувь нь гэр хороололд амьдарч байна лээ.Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст нээлттэй. Түц машинд бүртгүүлэх хүсэлтэй хэн ч байсан бүртгүүлэх боломжтой шүү.
-35 доош насны залуу гэр бүл байх ёстой гэсэн байна. Арай уян хатан нөхцөлтэй байж болоогүй юм уу 35- 40 насны гэр бүл гэдэг ч юм уу?
-Тийм эхний ээлжинд 35- аас доош насны гэж байгаа юм. Эхний ээлжинд цөөхөн байр бариад анх удаа том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа болохоор уян хатан байлгаж үнэхээр болсонгүй. Дараагийн хороолол дараа жилийн өдийд ашиглалтанд орчихно. Том том орон сууцны хорооллууд баригдана. Ажил дөнгөж эхэлж байна. Уян хатан зохицуулалт хийх боломжгүй байсан. Бид энэ шаардлагыг гаргах гэж сар гаран хуралдаж, судалгаан дээр үндэслэж баталсан. Дараагийн ээлжинд уян хатан нөхцөлтэйгээр зохицуулна. Эмч, багш, цагдаа нарын амьдрал хэцүү байна. Эхний ээлжинд эднийгээ дэмжинэ. Төрийн албан хаагч гээд энэ байр дарга нарт очихгүй. Орон сууцгүй иргэддээхүрэх болно.
- Төрийн албан хаагч, төрийн албан хаагч гээд л байдаг. Хувийн хэвшлийнхнийг цаашид дэмжих үү?
-Хувийн хэвшлийнхнийг дэмжинэ. Гэхдээ боломжтой хувийн бизнес эрхэлдэг хүмүүс нь хувийн барилга, хаусаа худалдаж авна биз. Үнэхээр боломжгүй байгаа хувийн хэвшилд ажилладаг иргэдээ дараа дараагийн хөтөлбөрөөр дэмжээд явна. Эхлээд төрийн албан хаагч нарынхаа амьдралыг цэгцэлмээр байна.Өнөө маргааш гээд айгаад сандраад байх хэрэггүй иймэрхүү орон сууцны хорооллууд баригдана. Цаашид уян хатан нөхцөлтэйгээр аль болох иргэдээ орон сууцжуулахын төлөө ажиллана. Дарга нар болон байртай хүн энэ хөтөлбөрт хамрагдсан байвал тийм дарга нар авсан гээд надтай ирээд заргалдаарай.
- Өмнө нь мянган айлын орон сууц хөтөлбөр гэж хэрэгжиж байсан.Бас зорилтот иргэддээ хүрч чадаагүй. Энэ үзэл санаа өнөөдөр ч явж байна?
-Үгүй ээ одоо тийм юм байхгүй. Тэр үед Ардын нам байсан. Шинэчлэлийн засгийн газар ч байгаагүй.
Уг орон сууцнаас худалдан авах иргэдэд дараах нийтлэг шаардлагыг тавьж байгаа юм байна үүнд:
1. 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод байнга оршин суух хаягийн бүртгэлтэй Монгол улсын иргэн байх.
2.Анх удаа орон сууц худалдан авч байгаа./Энэ заалтад 18 нас хүрэхээс өмнө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх орон сууцанд бүртгэлтэй этгээдийг /хамруулна.
3.Төрийн болон аж ахуй нэгж байгууллагад 2 ба түүнээс дээш жил нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн. Эсхүл хувиараа 2- оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн байх.
4.Банк санхүүгийн байгуулагад чанаргүй зээлийн өргүй байх.
5.Өмнө нь банк санхүүгийн байгууллагаас орон сууцны зээл авч байгаагүй.
6.Орон сууцны үнийн 30- аас дооошгүй хувийг төлөх боломжтой байх.
7.Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкнаас зээл авахад банк санхүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчид тавих нөхцөл шалгуурыг хангасан байх. Гэсэн шаардлагуудыг та хангаж байгаа бол уг орон сууцанд захиалга өгөх боломжтой юм байна.
Н.Ганаа
Сэтгэгдэл ( 0 )