Төр Үндсэн хууль зөрчив үү

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Төр Үндсэн хууль зөрчив. Яах аргагүй зөрчиж байна. Тодруулбал, ТОСК гэгч байгууллага сүүлийн үед ихээхэн од болж, орох оронтой болчих гэсэн хэн бүхэн хаалгыг нь татаж байгаа.

Энэ нь “Буянт-Ухаа” хороололтой холбоотой. Төр яах вэ, амлаад байснаа эхнээс нь хийж эхлэв шинжтэй. Тэгэхдээ их юм болж байна аа. Энэ хороололд байр авах хүн нь цэл залуу байхаас эхлээд, сугалаанд одтой, адтай, хийморьтой байх шаардлагатай.

Толгой эргэм их даваа гүвээ давсны эцэст нэг юм байрны бараа харах нь уу яах нь, бүү мэд. Нөгөө нэг олон тэрбумын ТҮЦ машинуудаар эхлээд бүртгүүлээд, тэндээсээ шалгарсныг нь сугалаанд оруулаад, улмаар урьдчилгаагаа төлж чадах нь уу, нас шүд нь тохирох нь уу гэж бөөн юм болж үйлийг нь үзэх тухайгаа ТОСК-ийнхан бахдам амжилт шиг л ярьж байна.

Бүр дарга нь гэх нэг нөхөр “Давхар шүүлтүүр” гэдэг үг гаргаж ирээд моод болголоо. Одоо хүн бүр тэр давхар шүүлтүүрийн нүхээр уначихгүйг хичээх ёстой.

Аан бас болоогүй, дээр дурдсан Үндсэн хуулийг зөрчсөн гэдгийг яг одоо бичих гээд байна. Жагсаал, цуглаан зохион байгуулж, салшгүй 18 эрхийнхээ нэгийг эдэлсэн этгээд болбоос “Буянт-Ухаа” хорооллын нэрийг ч дурсах эрхгүй гэнэм.

Юу вэ, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж тодоос тод заажээ.

Өөрөөр хэлбэл, үймээн самуун дэгдээж, олон нийтийг хүчирхийлэлд уриалан, бослого гарган, хүн алж хүрээ талахгүй л бол хүн үзэл бодлоо тайван жагсаал цуглааны аргаар илэрхийлж болох юм.

Харин “Буянт-Ухаа” хорооллоос иргэдэд өгөхдөө /зүгээр өгөөгүй, зарж байгаа/ энэ эрхийг ийнхүү үгүйсгэв.

Бас болоогүй шүү, энэ хороололд байр авсан айл бүрийг хянахын төлөө ажиллана гэж ТОСК-ийн дарга нь барим тавим хэлжээ. Бүр чадлаараа хянана гэж байна. Цаад зорилгоо үнийн хөөсрөл үүсгэхгүй гэж тайлбарлаж байгаа ч төр иргэдээ дэмжиж зах зээлийн ханшаас ялимгүй бага үнэтэй байр худалдсаныхаа төлөө иргэдийг бараг л тусгай лагерт байгаа мэт амьдруулна гэж байна.

Нэг хошин шог дээр “Нэг юм өгчихөөд араас нь битгий таталдаад байгаач ээ” гэж гардаг. Тэр л санаанд бууж байх юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт, хямд үнэтэй орон сууц гээд хүний санаанд багтамгүй төсөв мөнгөтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа гэх. Ус үзээгүй байж хормой шууна гэгчээр зараагүй байрандаа ингэж цэцэрхэж байхаар тэр хөтөлбөрүүд чинь хэрхэн хэрэгжиж, босч байгаа байр сав нь ямар шуу чанартай болж байгааг шалгавал зүгээр биш үү.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.214.119) 2025 оны 03 сарын 13

Toriin money yo gedeggui l bolohoos yaag hedeer bossoniig tatvar tologchdod zarlaach byh ymiig ni oruulaad shyy tegvel nice

1  |  0
zochin(27.123.214.119) 2025 оны 03 сарын 13

Toriin money yo gedeggui l bolohoos yaag hedeer bossoniig tatvar tologchdod zarlaach byh ymiig ni oruulaad shyy tegvel nice

1  |  0
Top