Гэрээсээ цагтаа гарах нь
Нэг өдөр би хамт ажиллагчтайгаа хуралд суухаар болсон юм. Гэтэл нэг цагийн өмнө тэр сандарсан янзтай утасдаж байна. Өглөө яарч гарахдаа хуралд авч очих чухал бичиг баримтууд болон надтай уулзах газраа тэмдэглэсэн газрын зураг зэргийг мартаж орхижээ. Эргэж харих нэгэнт оройтсон учир над руу утасдаж, уулзах газраа асуусан нь тэр байв. Бид ч чухал бичиг баримтуудгүйгээр хуралд орж билээ.
Өөр нэг найз минь юмаа байнга мартдаг бөгөөд гадагш гарч байхдаа санадаг байсан. Хүүхэддээ бэлдсэн хоол, цагийн хуваарь, цэвэрлүүлэхээр бэлдсэн хувцас зэргийг мартана. Мэдээж үүнээсээ болж байнга хоцорно.
Хүмүүс хоцордогийн нийтлэг шалтгаан нь үргэлж үүдэндээ очоод төлөвлөдөг явдал юм. Тэд гадагш гарах хүртлээ тухайн өдөр юу хийх хэрэгтэйг боддоггүй. Эсвэл бүх юмаа цэгцэлж, бэлдээд яг гарахдаа гал тогоо юмуу унтлагын өрөөндөө мартчихдаг. Иймэрхүү маягаар өдрөө буруу эхлэх нь тухайн өдрийг бүхэлд нь бүтэлгүй болгодог. Тиймээс өглөө гарахдаа анхаарах зүйлсийг доор авч үзлээ.
Урьдчилан бэлд
· Маргааш нь өмсөх хувцсаа өмнөх орой нь бэлд. Хувцасны шүүгээ тань цэгцтэй бол авч өмсөхөд хялбар байх болно. Угаагаагүй, уранхай, үрчгэр хувцсыг бүү өлгө. Гутлыг тослоод шүүгээнд хийж байвал зүгээр.
· Сүүлчийн мөчид түлхүүрээ эрж хайхын оронд түлхүүр тавих газартай болох хэрэгтэй.
· Өглөөний цайны ширээтэй бай.
· Цүнх, түрийвчээ гадуур хувцастайгаа ойрхон, оноосон газарт тавьж бай.
· Өдөр нь юу хийх талаараа өглөө нь бодож бай. Ажил бүр хэр хугацаа авахыг тооцоол. Тээврийн хэрэгслээр зорчих, замын түгжрэлд саатах, гэнэтийн тохиолдолд зарцуулах цагийг ч бас тооцоол. Ингэснээр гэрээсээ цагтаа гарахдаа хэр хугацаа орохыг яг төлөвлөх боломжтой болно.
· Онцгой тохиолдлоор өглөө эрт гарах болвол мөн л цув, ороолт, бээлий, малгай, цүнх, түрийвч, түлхүүр, тээврийн хэрэгсэлд өгөх мөнгө зэргийг багцалж тавь.
Өглөөний дэглэм тогтоо
· Босонгуутаа ороо хураа.
· Өглөөний цагаар ярьсан хүмүүсийн утасны дуудлагыг автомат хариулагчаараа сонс. (Өдөр уулзаж шийдэх асуудлын төлөө цагаа гарздах хэрэггүй.) Гар утсаа түр унтраах хэрэгтэй.
· Угаалгын өрөөгөө сулрахыг хүлээж цаг алдахын оронд гэр бүлийн гишүүн бүрт усанд орох өөр өөр хугацаа тогтоож өг. Орой усанд орох нь өглөө ингэж дугаарлаж зогсохоос сэргийлнэ.
· Нэг эхэлсэн зүйлээ заавал дуусга. Бэлэн болчихоод өрөөнөөс өрөө дамжин сэлгүүцэх хэрэггүй. Нэг өрөөнд хийх зүйлээ заавал дуусгаад гар.
· Гэрээсээ гарахаас өмнө товлосон уулзалтаа баталгаажуулан утасдаж, нөгөө хүн тань цагтаа гарч байгаа эсэхийг шалга. Хүмүүс тань шиг эмх цэгцтэй байна гэж бүү бод.
· Үнэхээр яарч байгаа бол гарахынхаа өмнө “За, одоо гарахын тулд заавал хийх зүйл юу вэ, юуг орхиж болох вэ?” гэж асуу. (Жишээлбэл та гадагш гарахын тулд гадуур хувцсаа заавал өмсөх ёстой. Харин хоолыг бол орхиж болно.) Гадагш гарах хүртлээ энэ асуултыг өөрөөсөө асуу.
Эцэг эхчүүдэд
· Сургуулийн хүүхэд тань өвдөх, хүүхэд асрагч хоцрох, ирэхгүй байх тохиолдолд нөөц төлөвлөгөөтэй бай.
Өмнөх өдрийн орой нь:
- Хүүхдүүдийнхээ хувцсыг бэлдэж тавь.п
- Хоол ундыг нь бэлдэж тавь.
- Сав, баглаа, боодлыг нь бэлд.
· Өглөө нь эртлэн босч, хувцасла. Ингэснээр хүүхдүүддээ зориулах цагтай болно.
· Гарахын өмнө тохиолдож болох зүйлсэд зориулах цаг гарга.
Байнга хоцордог хүмүүст
Хүмүүс “Тэр үргэлж хоцордог. Өөрийнхөө хуриманд ч хоцорч мэднэ” гэж ярилцахыг та сонсч л байсан байх. Миний нэг эгч байдаг. Тэр бараг л өөрийнхөө хуриманд ч хоцорч мэдэх хүн байсан. Гэртээ нүүрээ будсаар байгаад хоцорч, хурим хийх газартаа очоод хувцсаа өмсчээ. Зочид сүйт бүсгүйг харахад нүүрээ гоё будсан байсан ч жийнсэн хувцастай байжээ.
Та бүхэн түүнтэй адил бол дараах хэдэн зөвлөгөөг анзаараарай.
· Шахуу, өөртөө тохирох хуваарь гарга. Иймэрхүү хуваарь, дэглэм удалгүй хэвшиж, ажлаа амжуулахад хялбар болгодог.
· Өрөө бүрт цаг байрлуул. Угаалгын өрөөндөө ч цаг тавь.
· Цагаа хэдэн минутаар түрүүлүүлж тохируул.
· Календарьтаа уулзалтуудыг жаахан эрт тавь.
· Гал тогооны цагийг 15 минутаар тохируул. Ингэснээр хугацаа хэр өнгөрч байгааг мэдэх боломжтой.
· Өглөө сануулж утсаар ярихыг найзаасаа гуй. Эсвэл ирж авахыг хүс
Сэтгэгдэл ( 0 )