Эрүүл мэндийн салбар өнгөрсөн жил “Эрүүл чийрэг Монгол хүн” уриаг чиг шугамаа болгон ажиллажээ. 2013 он Монгол Улсын хүн амын өсөлтийн оргил үе байсан гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байна. Сүүлийн 23 жилийн хүн амын өсөлттэй харьцуулахад өсөлтийн оргил үе таарсан гэж Эрүүл мэндийн сайд онцлоод, хүн амын өсөлтөд эрүүл мэндийн салбар, тэр дундаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв тодорхой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэлээ.
Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн жил” болгон зарлаж, улс орон даяар аян өрнүүлж эхлээд байгаа аж. Энэ хүрээнд зохион байгуулах хороо байгуулж, долоо хоног бүр хуралдан, тулгамдсан асуудлуудаа ярилцаж байгаа гэнэ. 2014 оны эхний хоёр сарын байдлаар 0-1 насны хүүхдийн эндэгдэл 29 хувь, тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл 19 хувь хүртэл /өнгөрсөн оны мөн үеийхтэй харьцуулахад/ буурсан үзүүлэлттэй байгаа аж. 2014 онд Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авах тооцоо гарч учраас эрүүл мэндийн салбарынхан эх, хүүхдийн эрүүл мэндэд илүүтэй анхаарч, эндэгдлийг бууруулахаар зорилго тавин ажиллаж байна.
ЭХЭМҮТ-д өнгөрсөн нэгдүгээр сард Удамзүйн лаборатори шинээр ашиглалтад орсноор ургийн гажиг, генийн өөрчлөлтийг эхийн хэвлийд нь оношлох боломжтой болжээ. 2014 оны эхний хоёр сарын байдлаар нийт 11 төрлийн 85 гажиг хүүхэд төржээ. Ургийн гажигтай хүүхдүүдийн 50,6 хувь нь орон нутагт, 49,4 хувь нь нийслэлд төрсөн байна. Ургийн гаж хөгжлийг эхийн хэвлийд оношилж, эмчлэгдэх боломжгүй эмгэгтэй тохиолдолд эцэг, эхийн хүсэлтээр жирэмслэлтийг зогсоодог юм байна.
Мөн өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт 18 барилга шинээр ашиглалтад оруулсан бөгөөд энэ онд эмнэлгийн зориулалтын 32 барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Үүний нэгд Баянзүрх дүүргийн нутагт байрлах 150 ортой төрөх эмнэлэг багтжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Цэцээ Гүн- монгол эрсийн, монгол түмний хийморь сүлдээ даатгаж эрч хүч авч байдаг тэнгэрт ойрхон хайрханы орой дээр,хүсэл юугаа шивнэдэг овооны хажуханд ШШГЕГ-н 90 жилд зориулсан пайз бичиг хадсан суврага байх...Хийморь сүлдний овоон дээр монгол эрсийг шорон руу далласан энэ т1 гэхэд ч багадмаар суврагыг нурааж буулгахыг ШШГЕГ-с шаардаж байна.Монгол бол Шорон Улс биш...