Газрын тосны газар болон ОБЕГ-аас "ПетроЧайна Дачин тамсаг"-ын талбайд гарсан галын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус компани нь өөрсдийн гал унтраах сайн дурын бүрэлдэхүүн багтай ажилладаг, галын нэг машинтай аж.
Тиймээс өөрсдийн галын бүрэлдэхүүнээр уг галыг намжааж аюулгүй болгосон байна. Уг галаас үүдэн тус компани галын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг судлахаар холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг гаргаж ажиллахаар болжээ.
Гал гарсан 19-р баазад 200 ажилчин ажилладагаас 37-38 хятад, бусад нь монгол юм байна. Уг баазаас өдөрт 70-80 машин газрын тосыг Хятад руу зөөдөг гэнэ. Осол өчигдөр 20:48 цагийн орчимд Дорнод аймгийн Тосон уулын талбайд газрын тос ачих үеэр гарчээ.
Газрын тос тээвэрлэж явсан арван ачааны машины баруун захаас гурав дахь машинд гал гарч дэлбэрсэн байна. Тиймээс гал гарсан машинтай, нийтдээ найман машин бүгд шатжээ. Осол гарах үед ээлжийн оператор н.Цэдэнзэлэм ачилтын шахуургыг яаралтай хаасан тул тос алдагдаагүй аж.
Осолын үед хоёр хүн амь насаа алдаж, нэг хүн гэмтэж Хятадын эмнэлэгт хүргэгдсэн байна. Улс хоорондын тээвэр учраас машины жолоочид бүгд хятад хүмүүс байсан аж. Галын цурмаас хоёр хүний цогцос олдсон бөгөөд хоёр хятад ажилчин олдохгүй байгаа аж. Гэхдээ цогцсыг алга болсон хоёр ажилчны цогцос мөн эсэхийг таньж чадаагүй байгаа юм байна.
Г.Өлзийбүрэн: Галд шатсан цогцсыг хэн гэдгийг танихад хүндрэлтэй
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Галаас олдсон хоёр цогцос алга болсон хятад ажилчдынх мөн эсэхийг хэзээ тогтоох вэ. Тэнд монгол ажилчид байсан уу?
-Галд шатсан цогцсыг хэн гэдгийг танихад хүндрэлтэй. Хууль хяналтын байгууллагууд тогтооно. Тухайн машины жолооч нар бүгд хятад. Харин тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн тоо, хэн хэн аль хэсэгт ажиллаж байсан гэдэг нь бүртгэлтэй байдаг.
-Галын дүгнэлт хэд хоногийн дараа гарах бол?
-ОБЕГ-аас мэдээлж буйгаар яаралтай буюу долоо хоногийн хугацаанд гарчих байх.
-"Петро чайна дачин тамсаг" компани энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Тус компанийн ерөнхийлөгч нь үүссэн нөхцөл байдалтай танилцаж байна. Манай Шадар сайдын тушаалаар ОБЕГ, МХЕГ, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан шуурхай ажлын хэсэг гарах гэж байна.
-Тус компани жилдээ манай эдийн засагт хэдэн төгрөгийн татвар төлдөг юм бэ?
-Өнгөрсөн жил газрын тосны орлогоос гаргасан мөнгөний 90 орчим хувийг "Петро чайна дачин тамсаг" компанийн орлого эзэлж байсан. Тэгэхээр Монгол Улсын эдийн засагт томоохон хөрөнгө оруулж байгаа гэсэн үг. Өнгөрсөн жил 686 мянган тонн газрын тос олборлосон.
-Хоёр хүний цогцос олдсоноос хойш бэртэж гэмтсэн хүмүүс мэдэгдсэн юм байна уу?
-Нэг хүн 70 хувийн түлэгдэлтэй байгаад Хятад руу эмнэлэгт хүргэгдсэн байна. Өөр мэдэгдсэн юм алга.
-Гал яг бүрэн унтраагүй байгаа юу. Гал унтраахад дутагдсан зүйл бий юу?
-Одоогийн байдлаар гал бүрэн унтраагүй ч аюулгүй байдалд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал унтраахад дутагдсан зүйл байхгүй ээ. Их хэмжээний гал учраас бага багаар цурамд оруулж, аюулгүй болгоод бүрэн унтраана.
-Ослын газар ямар баг ажиллаж байна. Яг ямар баазууд галд өртөв?
-Зөвхөн ачилтын баазад гал гарсан учир бусад хэсэгт аюулгүй байгаа. Осол гарсан газарт Дорнод аймгийн Цагдаа, Гааль, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Прокурорын газрынхан ажиллаж байна. Мөн шүүх, эмнэлэг, түргэн тусламж, Матад сумын цагдаагийн хэлтсийн ажилтнууд хэргийн газарт үзлэг шалгалт хийж байгаа.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 4 )
Hyatad ruu emnelegt yawsan hun n uud bolson suragtai baina shvv. Burhan urshoo
Nas barsan 2 ni hyatad bol yamai da
ЗӨВ ШҮҮ МУУ ШҮҮ
uls hoorondiin teever uchiraas jolooch nar n bugd hyatad baidag yum baina shuu?uls hoorondiin bish bol mongol hun baij boloh yum bainaa.gehdee yagaad uls hoorond bol hyatad baih yostoi yum bol???yagaad mongoliin bayalagiig uls hoorond hyatad hun zooh yostoi,mongolchuud uls hoorond hun bish bolchihdog yumbol?hyatad hun nohoi 2 orohiig horiglono gedeg bizdee