"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс зарим зүйлийг тодрууллаа.
-"Эрдэнэс Таван Толгой" компанийн хувьцааны 10 хувийг үндэсний компаниудад нэрлэсэн үнээр худалдах ёстой. Одоогоор зогсонги байдалд орчихоод байгаа энэ асуудлыг хэзээ шийдвэрлэж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох вэ?
-"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг тун удахгүй тогтооно. Засгийн газар дээр хэлэлцсэн ёсоор хөрөнгө оруулалтын банкуудтай зөвлөлдөх ёстой. Аж ахуйн нэгжүүдэд хувьцааг худалдах нэрлэсэн үнэ ойрын ирээдүйд олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах хувьцааны үнэтэй уялдах учиртай. Энэ дагуу хөрөнгө оруулалтын банкуудтай зөвлөж байгаа.
-Хувьцаагаа олон улсын аль бирж дээр гаргах вэ гэдэгт хэд хэдэн хувилбар ярьж байна. Аль нь илүү давуу талтай бол?
-"Эрдэнэс Таван Толгой"-н хувьцааны тодорхой хэсгийг олон улсын хөрөнгийн биржээр арилжина. Хонконг, эсвэл Лондоны Хөрөнгийн бирж гэсэн хувилбар яригдаж байгаа. Аль ч хөрөнгийн бирж дээр арилжсан хөрөнгө оруулалтын орчин нь ойлгомжтой. Европын, хойд Америкийн, Азийн хөрөнгө оруулагчид байна. Хонконг, Лондоны бирж бол олон улсын хөрөнгийн зах зээлийн том төв. Тиймээс энэ бүс нутгийн хөрөнгө оруулагчид арилжаанд орох бололцоотой. Тэгэхээр Хонконгийн бирж дээр арилжих уу, Лондоны бирж дээр IРО хийх үү, эсвэл хамтарсан хувилбар байх уу гэдгийг хөрөнгө оруулалтын банкуудтай зөвлөлдөөд, "Эрдэнэс Таван Толгой"-н ТУЗ-ийн хурлаар ярилцаад Засгийн газрын төвшинд шийдвэрлэх ёстой. Ирэх тав, зургадугаар сард багтаан эцсийн шийдвэрийг гаргана.
-Олон улсын төдийгүй Монголынхоо бирж дээр хувьцаагаа амжилттай гаргахын тулд юуг анхаарах ёстой вэ. Төрийн түвшинд энэ асуудалд анхаарч байгаа байх?
-Юуны өмнө үйл ажиллагаа нь маш сайн байх ёстой. Ялангуяа, олборлолтын хэмжээ тогтмол байх шаардлагатай. Олборлогч компанийн үйл ажиллагаа нээлттэй байх хэрэгтэй. Үүнд гэрээт олборлогч буюу операторын үүрэг их чухал. Мөн компани хууль, санхүү, бүтэц, зохион байгуулалтыг олон улсын хөрөнгийн зах зээлийн шаардлагад нийцүүлж сайжруулах учиртай. "Эрдэнэс Таван Толгой" төрийн өмчит компани учир Засгийн газрын дэмжлэг, хувьцаа эзэмшигч болсон ард түмний оролцоо чухал. Хэрэв ажил амжилттай болбол 2011 оны эцэс, 2012 оны эхээр олон улсын түвшинд үнэлэгдсэн томоохон хэмжээний IРО хийх боломжтой.
-Таван толгойн Цанхийн баруун, зүүн хэсгийг ашиглах тендерийн хариу хэзээ гарах вэ?
-Цанхийн баруун хэсгийн талбайд стратегийн хөрөнгө оруулагч олборлолт явуулах ёстой. Энэ талбайд хамтран ажиллахаар зургаан оролцогчтой хэлэлцээр хийж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс эхэлсэн хэлэлцээр одоогоор гурав дахь шатандаа явж байгаа. Засгийн газрын ажлын хэсгийн түвшинд хэлэлцэж байгаа, удахгүй дуусна. Зүүн Цанхи буюу "Эрдэнэс Таван Толгой"-н эзэмшлийн орд дээр гэрээгээр олборлолт явуулах операторын тендерт гурван улсын компани оролцож байгаа. Үнэлгээ нь хараахан дуусаагүй байна. Энэ тендер удаж байгаа тал бий, хурдавчлах шаардлагатай.
-Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох хэлэлцээр удаашралтай байгаа нь ямар шалтгаантай вэ?
-Консерциумын хэлэлцээрийн хувьд удаан байна гэж хэлэх боломжгүй. Учир нь олон орны олон компанитай хэлэлцээр хийхэд хугацаа орно. Зөвхөн уурхай биш, дэд бүтэц, төмөр зам, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл гээд бүх асуудлыг цогцоор нь ярьж байна. Мэдээж удаашруулах сонирхол аль аль талд байхгүй. Яагаад гэвэл олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахад "Эрдэнэс Таван Толгой"-н стратегийн хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн үндсэн зарчим тодорхой болсон байх шаардлагатай.
-Оператор компаниудыг шалгаруулаагүй байгаа ч "Эрдэнэс Таван Толгой"-н уурхайд олборлолт эхэлсэн. Олборлолтын явц ямар байгаа вэ?
-"Эрдэнэс Таван Толгой" өнгөрсөн оны наймдугаар сараас хөрс хуулалтаа эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ихээхэн хэмжээний талбайн хөрс хуулалтыг өөрсдийн хүчээр хийж, коксжих нүүрснийхээ нөөцөд хүрсэн. Ирэх зургадугаар сарын эхний хагаст багтаж нүүрсээ экспортолно. Оператор компани шалгарсны дараа тэд ажлаа үргэлжлүүлээд явна.
-Хөрөнгийн зах зээлд IРО хийхэд зөвлөхөөр шалгарсан хөрөнгө оруулалтын банкуудын талаар таагүй мэдээлэл бий. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-"Эрдэнэс Таван Толгой"-н IРО хийхэд зөвлөхөөр шалгарсан банкууд яах аргагүй дэлхийн томоохон, туршлагатай хөрөнгө оруулалтын банкууд. "Голдман сакс" бол Хойд Америкийн том банкуудын нэг, хувьцааны арилжаагаараа дэлхийд нэгд бичигддэг. "Дойче” банк Европын хөрөнгө оруулалтын болон арилжааны хамгийн том банкуудын гол төлөөлөл. Эдгээр банкны үйл ажиллагаанд бидний зүгээс эргэлзэх зүйл байхгүй. Хамтран ажиллаж байна. Бидний IРО-г амжилттай болгоход тусалж чадна гэж бодож байгаа.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )