Хүүхдүүд цахим ертөнцөд “амьдрах” хугацаа хоногт 1.4 цагаар нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 01

Өнөөдөр хүүхдийн хүнд хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн боловсрох, эрүүл амьдрах эрх, хүүхдийн хүчирхийлэл зэрэг нийгмийн хөгжлөөс хамааралтай хүндхэн асуудлууд хөндөхөө түр азная. Харин хүүхэд нийгэмших хамгийн анхны институт болох гэр бүлийн хүрээнд тэднийг хэрхэн хайрлах талаар өөрийн саналаа хуваалцъя. Гэхдээ виртуал ертөнцийн хүрээнд энэ асуудлыг авч үзэх юм. Яагаад гэвэл хүүхдүүд дэлхийн жишгээр виртуал ертөнцөд илүүтэй амьдрах болж. Хүн төрөлхтөн гэр бүлийн хүмүүжлийг нийгэмшилд нөлөөлөгч эн тэргүүний хүчин зүйл гэж үзсээр ирсэн.

Гэтэл сүүлийн 50 жилд интернэтийн хурдтай хөгжил дэлхийг “хавтгай” болгосноор хүний амьдралын хэв маяг ихээхэн өөрчлөгджээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн гэр бүлтэйгээ өнгөрүүлэх ихэнх хугацааг виртуал ертөнц орлох буюу эзлэх болсон байна. Судалгаагаар орчин үеийн хүүхэд телевиз, компьютер, видео тоглоом, гар утас төдийгүй сүлжээнд холбогдсон бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хоногт 7.4 цагийг цахим ертөнцөд өнгөрүүлдэг болжээ.

“New definition of childhood” байгууллагын энэ онд гаргасан судалгаагаар хүүхдүүд цахим ертөнцөд “амьдрах” хугацаа нь өнгөрсөн жилийн дунджаас хоногт 1.4 цагаар нэмэгдсэн гэнэ. Энэ тоо цаашид өснө гэх таамаглал байгаа юм. Манай улс энэ судалгаанд хамрагдаагүй хэдий ч хүүхдүүдийн виртуал ертөнцөд цаг хугацаагаа зориулах нь жилээс жилд эрчимтэй өсч байна. Веб сайтуудын хандалтад анализ хийдэг “socialbakers.com”-ийн судалгаагаар манай улсад хамгийн олон хандалттай “Фэйсбүүк” сүлжээ хэрэглэгчдийн 83.5 хувь нь хүүхэд, залуучууд эзэлдэг аж.

Зарим эцэг эхийн хайраа илэрхийлэх арга нь буруудсанаас хүүхдүүд виртуал ертөнцийн хохирогч болж байна. Эцэг эхчүүд гэртээ интернэт суулгахдаа үүнийгээ хөгжил дэвшлийн илтгэц, мэдээлэл авах хамгийн том эх сурвалж, дэлхий ертөнцтөй холбогдох зам гэж хардаг. Гэтэл хүмүүсийг технологийн хэлээр холбож буй тэрхүү хийсвэр ертөнцийн цаана хэн байна вэ гэдэг маш тодорхойгүй байдаг сул талтай. Ихэнхдээ виртуал ертөнцийн давуу тал бүрийн цаана үр хүүхдүүдийг нь том том аюул “отож” байдаг. Олон улсын мэргэжилтнүүд хүүхэд, өсвөр үеийнхэн интернэтэд орсноор дараах аюулын хохирогч болох магадлалтайг анхааруулжээ. Эдгээрт:

  1. Хүний наймаа, эд эрхтний худалдааны золиос болох
  2. Порнограф буюу садар самуунд уруу татагдах
  3. Бэлгийн гаж донтнуудтай холбогдох, тааралдах
  4. Кибер аргаар дээрэмдүүлэх, луйвардуулах
  5. Ашиг хонжоо хайгчдын хохирогч болох
  6. Төрөл бүрийн тоглоомонд донтох
  7. Хувийн мэдээллээ алдах
  8. Хүний ёсноос гадуур зүйлд дасах
  9. Унтах, хооллох зуршилд сөрөг өөрчлөлт орох

10. Эрүүл мэнд доройтох

11. Хичээлдээ анхаарахаа болих зэрэг багтсан байна.

Эдгээр аюулууд аль хэдийнээ Монголд ороод ирчихсэн. Тухайлбал, та хүүхдийнхээ онлайн найзын тоо, бодит амьдрал дээрх найзын тоо хоёрыг нэг харьцуулаад үзээрэй. Магадгүй амьдрал дээр зуун найзтай хүүхэд 5000 орчим онлайн найзтай байж болох бөгөөд тэр 5000 дотор зурагнаасаа шал ондоо, муу хүн сууж байх магадал асар их юм. Мөн тоглоомонд донтох үзэгдэл Монголд улам газар авч байна. Өнгөрсөн онд л гэхэд 84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан, багш нар хичээлээ тогтмол тасалж, интернэт тоглоомд донтсон сурагчдаа сургуулийн ойролцоох тоглоомын газруудаас “баривчилдаг” тухай мэдээлэл цацагдаж байсан. Зөвхөн 84 дүгээр сургууль ч гэлтгүй компьютер тоглоомонд донтох давалгаа ерөнхий боловсролын сургууль бүрт халдварлаж байна.

Эдгээр аюул нь наанадаж хүүхдийн цагаан сэтгэхүйд, цаашлаад тэдний ирээдүй, амьдралд нь ямар ч хөнөөлт зуршил суулгахад бэлэн байдаг. Тэгвэл юу хийх хэрэгтэй вэ? Хариу нь маш энгийн. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хариуцлагатайгаар хайрлах хэрэгтэй.

Хайр бол хүүхдийн вакцин, гэхдээ зохих хэмжээнээс хэтэрвэл дархлаажуулж чадахаа больдог. Харин ч бүр хүнд өвчин үүсгэх аюултай. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдүүдээ виртуал ертөнцөд донтуулах биш, бас холдуулах бус, ердөө зохистой хэрэглээнд сургахыг санал болгож байна. Дэлхийн хөгжингүй улсууд интернэтийн зохистой хэрэглээ бий болгох зорилгоор “шүүлтүүр” болон хориглох програм хэрэглэж заншжээ. Шүүлтүүрийн програм нь ямар контентийг хэрэглэгчид хүргэх вэ гэдгийг тодорхойлдог. Үүнийг интернэтийн үйлчилгээ эрхлэгч компаниас үйлчлүүлэгчиддээ, ажил олгогчоос ажилтнууддаа, сургуулиас сурагчиддаа, номын сангаас уншигчиддаа, эцэг эхчүүд хүүхэддээ болон хувь хүн өөрийнхөө тооцоолуурт хэрэглэж болдог. Манай улсад шүүлтүүрийн программыг ашиглаж буй хоёр л туршлага байна. Энэ нь Харилцаа холбооны зохицуулах газраас оюуны өмч зөрчсөн болон садар самууныг сурталчилсан Монгол, гадаадын зарим сайтуудад нэвтрэх эрхийг хаасан явдал билээ. Тиймээс шүүлтүүрийн программыг эцэг эхчүүд гэртээ хэрэглэх нь зүйтэй юм. Ингэснээр хүүхдийнхээ цахим ертөнцөд аялах, тоглоом тоглох зэрэг тооцоолуур дээрх үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг тохируулж болно. Мөн зохисгүй контентуудыг бүр мөсөн хязгаарлах боломжтой. Ингэснээр та хүүхдээ виртуал ертөнцийн томоохон аюулаас хамгаалж чадна.

Хүүхдийнхээ төлөө эцэг эх бидний хийж чадах зүйл бусдаас хэр их, бага байх нь чухал биш. Гол нь хүүхдүүдэд хүрч байгаа хайрын гар тань аюулгүй, зохистой л байх учиртай юм. Энэ л гар таны хүүхдийг виртуал ертөнцөд ганцаардахаас аварч, аюулгүйгээр аялалд гарах тасалбар болно. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх нь хариулт шигээ амар зүйл биш. Тиймээс танд дараах зөвлөгөөг санал болгож байна.

Аюулгүй интернэтийг гэр бүлийн нүдээр нээх нь:

  1. Эцэг эх өөрсдөө интернэт болон нийгмийн сүлжээ сайтуудыг ашиглах мэдлэгтэй байх хэрэгтэй. Та мэргэжилтэн байх албагүй ч мэдлэггүй бол интернэтийн аюулгүй байдлын зөв шийдвэр гаргахад хэцүү.
  2. Хүүхэдтэйгээ ярилцах. Интернэтийн ач холбогдол болон гарч болзошгүй олон аюулын талаар ярилцаж, мэдээлэл өгөх хэрэгтэй.
  3. Яагаад шүүлтүүр ашиглаж буйгаа шударгаар тайлбарлан, шүүлтүүрт хүүхэд тань ямар байр суурьтай байгааг сонс.
  4. Интернэт тоглоом тоглох цагийг хүүхэдтэйгээ зөвшилцөөд хязгаар тогтоо.
  5. Хувийн мэдээллээ хүнд өгч болохгүй, зөвхөн танил хүмүүстэйгээ найз болох, тоглох цагийнхаа хязгаараас хэтрэхгүй байх гэх мэт интернэт хэрэглээний сануулгыг хүүхдийнхээ харах газарт нааж өгөх.
  6. Интернэтээ үр ашигтай хэрэглэхийг санал болгох. Онлайн сургалт, хичээл хийх програм, хүүхдийн мэдээллийн сайт гэх мэт.
  7. Сэжигтэй зүйл гарвал эцэг эхдээ мэдэгдэхийг зөвлөх.
  8. Хүүхдийнхээ найзын эцэг эхтэй аюулгүй интернэт хэрэглээний тухай ярилцах. Учир нь тэд цагийг хамт өнгөрүүлдэг шүү дээ.
  9. Элдэв төрлийн сэтгэгдэл, уруу татсан мессеж, мэйл зэргийг үл ойшоох сэтгэхүйд сургах. Эдгээрийн учир холбогдол, гарах үр дүнг сайтар тайлбарла.

10. Хүүхэддээ цаг гаргах. Интернэтэд олон цаг өнгөрүүлэхээс сэргийлэхийн тулд гэр бүлийн арга хэмжээ зохион байгуулж, хүүхэдтэйгээ хамт тоглох зэрэг хамт хиймээр байгаа зүйлийг нь асууж биелүүлэх. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top