Азийн ядуу буурай орнуудын нэг Непалд жил бүр тамхины улмаас 15 мянган хүн амь насаараа хохирдог болохыг тус улсын Хорт хавдартай тэмцэх хүрээлэн мэдээлэв. Энэ улсад тамхины хэрэглээ хуулиар зохицуулагддаггүй бөгөөд тамхи хэрэглэгчдийн тоо бусад орнуудаас харьцангуй их байдаг ажээ.
“Засгийн газар тамхины хор хөнөөлийн тухай нийгэмд ямар ч мэдээлэл хүргэхгүй байна. Хуульд тамхины тухай ямар ч хориглосон заалт байдаггүй. Непал улс удахгүй тамхинаас шалтгаалсан хорт хадвраар сүйрэх аюул ойрхон байна” гэж тус улсын Хорт хавдартай тэмцэх хүрээлэн анхааруулжээ.
Мөн тус албаны мэдээлэлд Непал тамхины томоохон үйлдвэрүүдээ татан буулгах шаардлагатай гэсэн байна. Тус улсын Эрүүл мэндийн яам 2006 оны хоёрдугаар сараас хойш Женевийн Тамхины хяналтын протоколд нэгдсэн ч одоог хүртэл тодорхой арга хэмжээ авч, хавтгайрсан тамхины хэрэглээг хянаж чадаагүй байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (WHO) мэдээлснээр ирэх 2050 он гэхэд дэлхий даяар 200 сая хүн тамхинаас шалтгаалсан төрөл бүрийн хорт хавдрын өвчлөлөөр өөд болно гэж тооцоолсон байна. Хэрэв бодитой арга хэмжээ авч чадвал энэ тоо 50 хувьд хүрч буурах магадлал байдаг аж.
Непал улс тамхины хэрэглээгээр дэлхийд тэргүүлж тэр хэрээр тамхинаас шалтгаалсан хавдрын нас баралтаар бүс нутаг гэлтгүй дэлхий нийтэд эхний байранд жагсч байна. Непалд тамхинд донтогсдын 90 хувь нь 5-7 насандаа тамхинд ордог аж. Хүүхдүүд тамхи татахад эцэг эхийн хяналт байдаггүйн дээр тус улсын нийгэмд хүүхэд тамхи татах нь энгийн үзэгдэл болжээ.
ДЭМБ-ийн мэдээлснээр тамхи татдаг хүмүүсийн 85 хувь нь ямар нэгэн хорт хавдрын шалтгаанаар нас бардаг гэжээ. Түүнчлэн дэлхий даяар жил бүр утаат тамхины улмаас таван сая хүн хорвоог орхиж байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )