Борис Немцов гэж хэн бэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

Оросын төр засгийн цогтой тэмцэгч, сөрөг хүчний тэргүүлэгч агсан Борис Ефимович Немцов гэж хэн бэ. Энэ хүн ОХУ-ын улстөрийн тавцанд гавъяа хүртэх эрхтэй, эсвэл бүр улстөрийн тогоонд хүндлэл хүлээх нэгэн мөн үү. Түүний амьдралын туулж өнгөрүүлсэн улстөр, нийгмийн оролцооны тухай түүхийг хамтдаа эргэн сөхөё.

Борис Ефимович Немцов 1959 оны аравдугаар сарын 9-нд мэндэлжээ. Тэрээр ОХУ-ын ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн албан тушаалыг хашиж байсан ур чадвартай нэгэн юм. Либерал үзэлтэй түүний хувьд баримталж байсан чухал зарчим бол ОХУ-ыг социалист эдийн засаг бүхий капиталист орны тогтолцоонд аваачих байсан юм.

Тэрээр 1990 оноос эхлэн ерөнхийлөгч асан Борис Ельциний туслахаар ажиллаж, түүний хүчинд Оросын их улстөрд нэрээ гаргах бололцоо нээгдсэн юм. Харин 2000 онд Оросын эрх мэдлийг Владимир Путин хэмээх эр авснаар Немцовыг үндсэндээ шахан гаргасан билээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Кремлийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн чулуун гүүрний дэргэд Украины мисс бүсгүйтэй хөтлөлцөн алхаж явахдаа толгойн тус газраа буудуулж амиа алдсан юм. Энэхүү аллагад сэжиглэгдсэн гурван хүнийг барьж хориод буй бөгөөд чухам хэн Борисын үхлийг хүссэн бэ гэдгийг тодруулахаар хуулийнхан ажилдаа оржээ.

 Түүний улстөрийн амьдрал ээдрээ, нугачаатай байлаа. Немцовыг 2008 оноос хойш авлига хээл хахууль, сонгуулийн луйврын хэргээр ерөнхийлөгч В.Путин удаа дараа шалгаж байв. Немцов энэ үеэр “Стратеги-31” нэртэй улстөрийн эсэргүүцлийн жагсаал Москвад зохион байгуулсан юм. Энэ жагсаалаар Борис Немцов ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг эрчимтэй эсэргүүцэж, түүний улстөрийн үйл хэргийн тууштай сөрөг хүчин болж хувирсан юм. Эндээс түүнийг Нэгдмэл Орос намыг хэрхэн шүүмжилж эхэлсэн түүхүүд хөвөрнө.

 Немцов Украины үйл явдлыг нээлттэй шүүмжилдэг нэгэн байв. Тэрээр Украинд явуулж байгаа сөргөлдөгч орнуудын үл ойлголцол эргээд Киевийн эдийн засгийг хүнд байдалд оруулж, ямар ч ач холбогдолгүй дайн хийж байна хэмээн В.Путиныг шүүмжилж байлаа. Сочигийн олимпийн нээлтийн үеэр Украинд Оросын танкууд цөмрөн орсныг Б.Немцов ганцаараа эсэргүүцэв. Тэр ч бүү хэл Немцов өөд болохоосоо хэдхэн долоо хоногийн өмнө “Намайг В.Путин хөнөөж магадгүй” гэсэн утгатай зүйл ярьж байжээ. Гэхдээ ажиглагчид болон шинжээчид В.Путиныг Немцовыг ил цагаан буудах “тэнэг” биш хэмээсэн юм. Түүний үхлийн учир битүүлэг байдал чухам хэнтэй холбоотой болох нь илрэхгүй ч байж мэднэ. Энэ бол Оросын улстөр.

 Немцов алуулахын өмнө Оросын цэрэг армийн тухай, Украины зүүн нутагт цөмрөн орсон Оросыг дэмжигчдийн тухай мэдээлэл цуглуулж, энэ тухай хэвлэлээр ярьж явсан юм. Мөн Украинд явагдсан санал асуулгыг Кремль зориудаар мушгин гуйвуулсан тухай онцолж байв.

Тэрээр 2013 онд Ярославл Областаас эхэлсэн Европын Либерал Демократ бүлгэмийн РПР-ПАРНАС холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл Оросын либерал үзэлтнүүдийн бэлгэ тэмдэг, гол төлөөлөгч байлаа.

 Анхны улстөрийн замналууд 

Немцов бол Нижегород хотын анхны захирагч байсан (1991-1997) юм. Дараа нь тэрээр Оросын Засгийн газарт Түлш Эрчим хүчний сайдын алба хааж байв. Мөн ОХУ-ын Аюулгүй байдлын газрын дэд ерөнхийлөгчөөр нэг жил ажилласан юм. Ингээд 1998 оноос хойш Оросын залуучуудын эвслийг тэргүүлэх болжээ. Улмаар тэр жилээсээ эхлэн Орос дахь барууны үзэлтнүүдийг тууштай дэмжиж, өөрөө энэхүү үзэл суртлыг олон нийтэд түгээж, тэргүүлж эхэлжээ. Бас тэр 1999 оноос Барууны эвсэлд жинхэнэ гишүүн нь болж, улстөрийн намын суурь үндсээ ч тавьсан юм. Тэр жилдээ Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн ажил үүрэг гүйцэтгэж байлаа.

Энэ хугацаанд Борис хэдэнтээ Оросын парламентын гишүүнээр сонгогдов. Тэр анх улстөрд орж ирэхдээ Оросын Бүх ард түмний танхимд гишүүн байсан (1990) юм. Бас тэр Төрийн Думын дэд спикерийн албан тушаалыг Барууны нэгдсэн эвслээс тэргүүлж байлаа. Харин тэр 2008 оноос Барууны нэгдсэн эвслээ Солидарност хэмээх нэртэй болгож, либерал үзэлтнүүдийг манлайлж байлаа. Ийнхүү 2012 онд “Хуулийн хэрэгжилтгүй байдал ба авлигыг таслан зогсоох Оросын хөдөлгөөн”-ийг санаачлан байгуулж, 2012 оноос хойш Оросын Бүгд Найрамдах нам, Бүх ард түмний эрх чөлөөний намыг (Түүний анхны тэргүүлж байсан РПР-ПАРНАС эвсэл) тус бүр нэгтгэснээр Орост улстөрийн шинэ сөрөг хүчний хүчирхэг эвслийг бүрдүүлжээ.

 Нью Йорк Таймс сонины нэгэн редактор  түүний тухай нүүр дүүрэн нийтлэл бичихдээ “Алмааз эрдэнэ мэт Борис Немцовыг хэн ч доош унагаж чадахгүй” хэмээн өргөмжилж байв. Немцов барууны үзэл сурталд хайртай, либерал нийгмийг Оросын төр-нийгмийн хөрсөнд суулгах хүсэл сонирхолтой нэгэн байжээ.

Тэр орчин цагийн Орос оронд В.Путины эсрэг хүчтэй шүүмжлэл илгээдэг цор ганц “баатар” байв. Сочигийн олимпийн нээлтийн үеэр В.Путины тойрон хүрээлэгчдийг авлига, хээл хахуульд хэрхэн баригдсан тухай, Оросын төр нэг хүний удирдлагад аажмаар шилжиж байгааг ил тод хэлсэн удаатай.

Сочигоос Оросын сөрөг хүчин болсон нь

Борис Немцов ОХУ-ын Сочи хотод 1959 онд мэндэлсэн юм. Йефим Давидович Немцов, Дина Яаковлевна Немцова нарын гэрт төрсөн тэрээр багийн сэргэлэн хүүхэд байжээ. Ээж нь еврей гаралтай, физикийн салбарт эрдмийн зэрэг хамгаалсан нэгэн байсан юм.

Гэхдээ Немцовыг таван настайд нь эцэг, эх нь хоёр тийш болжээ.  Түүний хувийн намтарт бичсэнээр ОХУ-ын Ортодокс хотод эмээгийнхээ гар дээр өсөж өндийн, христийн шашинтай нэгэн болсон байдаг.

Боловсрол, нийгмийн замнал

Немцов хар нялхын физикт сонирхолтой байв. 1976-1981 оны хооронд Н.И.Лобачексвийн их сургуулийг физикч мэргэжлээр дүүргэжээ. Тэрээр 25 настайдаа буюу 1985 онд Физик, Математикийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан юм. Үүнээс хойш 1990 онд хүртэл Радио Физикийн сургалт судалгааны институтид ажиллажээ. Тэрээр ажлынхаа карьерийн үед нийтдээ физик, математикийн  салбарт 60 гаруй судалгаа, шинжилгээ, докторын ажил туурвисан байдаг. Термодинамик, физикийн гүн ухааны чиглэлээр тууштай ажилласан тэрээр орчин цагийн акустик лазерийн судалгаанд ихэнх цаг заваа зарцуулсан ба сансар судлалд ч багагүй бүтээл туурвисан юм. Борис Немцов бол үеийнхэн дундаа мэдлэг боловсролоор тасархай тэргүүлдэг элит, рояал нэгэн байсан билээ.

Либерал үзэлтэн

Борис Немцов 1998 онд их улстөрд хөл тавьжээ. Түүний санаанд оромгүй төрийн системийн бодлого, нийгмийг үндсээр нь өөрчлөх улстөрийн бүтцийн төслүүд Борисыг олон нийтийн эсэргүүцэлд аваачив. Тэрээр 1998 оноос эхлэн Барууны нэгдсэн эвсэл байгуулж, улстөрийн сонгуульд хүч үзэж эхэлжээ. Тэр 2000 оны сонгууль хүртэл В.Путинтай парламентад ширүүн өрсөлдөж байлаа. Гэхдээ 2000 онд, шинэ он солигдох мөчид Владимир Владимирович Путин хэмээх эр ОХУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа нөхцөл байдал тэс өөр болж ирлээ.

В.Путинтай ана мана үзэлцсээр ирсэн Немцов тэртээ 1986 оноос хойш л улстөрийн тууштай тэмцэгч байв. Чернобилийн аймшигт ослын дараа тэрээр цөмийн хор хаягдал, буруу тооцооллын үр дүнд бий болсон дэлбэрэлтэд Оросын төрийг буруутгаж байлаа. Тэрээр ЗХУ-ын ардын хурлын депутатаар сонгогдох хүртлээ нийгмийн цогтой тэмцэгч мэтээр олонд танигдсан юм.

 
1990 он гарснаар Орос улсад цоо шинэ үйл явдлууд өрнөв. Анхны ардчилсан сонгууль явагдаж, Оросын нийгэмд парламентын засаглал үйлчилж эхэлжээ. Энэ үеэр Борис Немцов аль хэдийн тухайн үеийн Горкий буюу одоогийн Новгородоос нэр дэвшин парламентад сонгогдсон байна.

Түүний ялгарах гол онцлог бол коммунист үзэлтэн биш байв. Тэрээр өөр 12 өрсөлдөгчөө бут цохин, парламентад Зүүний-Төвт үзэлтнүүдийн группт багтжээ.

 Тэр улстөрд орж ирсэн цагаасаа л шударга, хэлэх үгээ хэнээс ч айлгүй ярьж хэлдэг, хуулийн хэрэжилтийг хатуу шаарддаг, түүнчлэн гадаадын худалдаа, тээвэрлэлтийг эх орондоо нэвтрүүлэх хэрэгтэй гэж үздэг нэг ёсондоо хатуу либералист үзэлтэн гэдгээ олонд таниулж эхэлжээ. Энэ үеэр тэрээр Борис Ельцинтэй танилцаж амжив.

1991 оны аравдугаар сард Ельциний хөдөлгөөнд нэгдэж, социалист нийгмийг унагах шинэ цагийн залуусыг дэмжиж ажилласнаар ирээдүйн ерөнхийлөгчийн ивээлд багтсан юм. Хожим нь Борис Ельцин мань эрийг ерөнхийлөгчийн кампанит ажлынхаа чухал албан тушаалд томилж, Новгород хотоос Төрийн Дум хүртэл өөд нь татсан байна.

Борисын улстөрийн  үзэл суртал, арга барил олон хүнд таалагдсан. Тэрээр төрөлх Новгород хотоосоо 1995 оны арванхоёрдугаар сард Төрийн Думд сонгогодож, төрж өссөн хотоо Москвад төлөөлөн суух болжээ. Борис сонгогдохдоо “Чөлөөт худалдааны зах зээлийг бий болгож,  шинэчлэлийг олон нийтэд түгээхээ амласан байна. Худалдааны чөлөөт байдлыг бий болгосноор эдийн засаг хурдацтай өснө гэж тэр таамаглажээ. Борис улстөрийн сонгуульдаа Их Британийн ерөнхий сайд агсан Маргарет Тетчерийн үзэл баримтлалыг ашиглаж, төвөггүй ялалт байгуулсан түүхтэй аж.

 Борис Немцов сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсны дараа шууд барууныхантай холбогдож эхлэв. Немцов Москвагаас хэд хэдэн удаа гадагшаа аялж, барууны өндөр хөгжилтэй орнуудын эрх баригчидтай найз болжээ.  Тэр Москваг ирээдүйд их мөнгөтэй, хөрөнгөтнүүд умбасан, чөлөөт зах зээлтэй жинхэнэ либерал хот болно гэж мөрөөдөж байлаа. Өөрөө ч чамгүй хөрөнгөжсөн тэрээр барууны хөгжлийн загварыг Оросын нийгэмд суулгах томоохон төслүүд бичдэг байжээ.

 Борис Немцовт Шмеман хэмээх америк найз байлаа. Ортодокс хотын христийн сүмд номлогч хийж байсан тэрээр эртнээс Борис Немцовын хамтрагч болсон юм. Тэд хамтдаа Москвад нам улстөр, нийгмийн томоохон үйл хэрэгт зүтгэж явсан бөгөөд Шмеман мөр зэрэгцэн ажиллаж байсан найзаараа бахархдаг байлаа. Шмеман Борисын тухай “Засаглагч”, “Удирдлагын төв” нэртэй барууны хөгжлийн секторуудыг шууд тусгасан ном бичсэн юм.

 

 Гэхдээ 2000-аад он гарснаас  хойш В.Путин ба Немцов нарын хооронд ил далд олон арван зөрчил бий болсон юм. Немцов 2000-2003 онд улстөрд маш хүнд цаг хугацааг туулсан юм. В.Путин ерөнхийлөгч болсон даруйдаа улстөрийн хүрээн дэх өөрийн өрсөлдөгч, дайснуудаа нэг нэгээр нь “авлах” болжээ. Тэдний зөрчил аль 1990-ээд оноос эхэлсэн ч шинэ зуун гарснаар Оросын төрийн эдгээр лидерүүд үзэл суртлын хувьд нэгнийгээ бүр ч ихээр үзэн ядан, дайтсан билээ.

В.Путин бол орчин цагийн Орос орныг дотоодын үйлдвэрлэл, нефтийн экспортоор эдийн засгаа тогтворжуулан, Москвагаас аль болох цөөн удирдлагаар улсаа удирдах сонирхолтой хуучинсаг мэт хэрнээ классик, нэг удирдлагыг тэргүүнд тавьдаг лидер юм. Харин түүний өрсөлдөгч Борис Немцов шал өөр хүн. Тэр барууны соёлыг Орост нэвтрүүлж, ОХУ-д амьдрах гадаадын иргэдийн тоог үгүй болгох, барууны орнуудтай нэвт сүлбэлдэн хамтран ажиллах сонирхолтой нэгэн байлаа. Тэрээр ардчиллыг жинхэнэ утгаар нь либералист системд тулгуурлан хөгжүүлэх секторуудыг 20 гаруй жилийн турш тууштай номлосон юм.

Хожмын замнал

2004 оноос эхлэн Немцовыг шахаж хавчсан улстөрийн гадуурхалуудад мань эр дасав.  Тэрээр алдарт Газета сонинд “Путинизмд идэгдэж буй мажаритар систем” нэртэй нийтлэл бичих зэргээр В.Путины диктаризм дарангуйллаас болгоомжилсон өнгө аясаар эсэргүүцэж эхэлжээ. Хэдэн жилийн дараа мань эр “2008 оны хамтрагчид” нэртэй бүлэглэл байгуулсан юм. Энд дандаа л В.Путиныг эсэргүүцэгчид нэгджээ. Тухайлбал, сөрөг хүчнийг тэргүүлэгчдийн нэг Гарри Каспаров, Владимир Буковский зэрэг либералууд хүч сэлбэсэн юм.

 Борис Немцов 2004 онд газрын тосны Нефтяная консерныг эзэмшиж байлаа. Үүнээс улбаалан Нефтяная арилжааны банкыг эзэмшиж, захирлаар нь ажиллаж байсан юм. Түүний компани газрын тос, банкны салбарт амжилттай хүч үзэж байсан ч мань эр энэ хоёр компанийнхаа эрх мэдлээс 2005 онд бүр мөсөн татгалзаж, нэрээ татаж авсан байна. Учир нь түүний бодсоноор Нефтяная консерн түүнийг В.Путинд амархан ялагдах улстөрийн өгөөш болж болзошгүй бөгөөд дампууруулахын тулд түүний дайснууд ямар ч арга заль хэрэглэж магадгүй гэдгээс эмээжээ.

Тэрээр газрын тосны компани, өөрийн эзэмшлийн банкаа дотны анд, бизнесийн зөвлөх Михайль Касяановт албан ёсоор шилжүүлсэн юм.

 2004 онд Украины ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Виктор Ющенког Борис Немцов эрчимтэй дэмжив. Богино хугацаанд болсон жүржийн хувьсгалын дараа болсон тэрхүү сонгуульд Ющенкогийн эдийн засгийн зөвлөхөөр Борис Немцов гардан ажиллажээ.  

Немцов Ющенко хүчтэй дэмжсэн гол шалтгаан нь ирээдүйн улстөрийн далд зорилго агуулсан юм. Учир нь Украин, ОХУ-ын хооронд эдийн засгийн  маш том харилцаа бий болгож, өөрийн ар талаа бэлдэж байжээ. Гэхдээ Ющенко Украины төрд томоохон сүйрэл авч ирж, хээл хахуулийг өөгшүүлэн төрийн удирдлагыг замбараагүй болгож эхлэв. Төсвийн их алдагдал, эдийн засгийн сүйрэл, төрийн алба хаагчдын хээл хахуулийн аалзны тор мэт хэрсэн сүлжээ эцэстээ Ющенкогийн засаглалыг ганхуулж, түүн рүү чиглэсэн бухимдал Немцов руу гал мэт үлээх болжээ. Учир нь Немцов л түүнийг Украйнчуудад “сурталчилж”, сонгуулийн кампанит ажлыг нь санхүүжүүлсэн байдаг. Украин, Орос орнууд 2005 онд нийгэм, улстөрийн салшгүй сүлбээтэй ажилласан ч богино хугацаанд бүх зүйл балран доройтжээ. Ийнхүү Ющенко ч суудлаа өгч Борис Немцовын төлөвлөгөө бүтэлгүйтсэн юм.

2008 онд Борис Немцов сүр жавхлантайгаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч түүний санал хүссэн хэмжээнд нь хүрээгүй юм.  Немцов бүхий л хүчээрээ засгийн эрхийн төлөө дайрсан ч В.Путины эзэмшил, төр засгийн хүч хэвэндээ үлджээ.  

Сочи хотын эсэргүүцэл

Немцов ерөнхийлөгчийн сонгуульд унасны дараа төрөлх Сочи хотдоо эргэн ирж захирагчийн амбан суудлын төлөө өрсөлджээ. Гол зорилго нь Сочид болох өвлийн олимпийг эсэргүүцэн зогсоох байв. Түүний үзсэнээр Сочи хотод өвлийн олимп зохион байгуулах нь маш буруу шийдвэр байлаа. Учир нь Сочи дулаахан хот, цана тэшүүрээр гулгах уламжлал байхгүйн дээр Олимпийн цэнгэлдэхүүдийг барихын тулд хотын 5000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлснийг эсэргүүцсэн юм. Тэрбум тэрбм доллар цацаж, Сочиг санхүүжүүлсэн нь эдийн засгийн асар их алдагдлыг хүлээлгэнэ гэж В.Путины бодлогыг Сочигоор далайлган шүүмжилсэн нь Борисын улстөрийн имиж болсон юм.

Тэрээр В.Путинтай сөргөлдөж 2007, 2010, 2011 онд баривчлигдаж явсан бөгөөд 2012 онд Москва хотод Путиныг эсэргүүцсэн мянга мянган иргэдийн жагсаал цуглааныг зохион байгуулж, тэргүүлсэн байдаг.

Түүний энэ их зүтгэл, либералист үзлийн гол тулгуур санаагаа хэрэгжүүлэх гэсэн улайрал эцэстээ В.Путин эсвэл аль нэг улстөрчийн эгдүүцлийн дээд цэгийг хүргэж амиа алдахад хүргэсэн гэж үзэж байгаа нэг нь ч бий. Гэхдээ л Борис Немцов Оросын аль ч засаглалын үед В.Путиныг эрчимтэй шүүмжилж, түүний эсрэг бодитой кампанит ажил өрнүүлж байсан билээ.

  Т.Батсугар

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.21.115.242) 2022 оны 10 сарын 20

medehguimdaa

0  |  1
зочин(202.179.11.42) 2022 оны 10 сарын 20

нар жаргах зүгт хураасан хөрөнгө нь булшлагдах баруун зүгийн үзэлтэй хөрөнгөнд дуртай энэ хүн өнөөгийн манай улсын хөрөнгө шүтэж улсаа ард түмнээ нурааж цааш нь тусгаар тогтнолоо алдаж мэдэх хүмүүстэй ижил хүн байжээ

0  |  1
gej uu(103.26.193.125) 2015 оны 03 сарын 10

Molomoo chi uhvel taarna

0  |  0
Гггг(112.72.13.111) 2022 оны 10 сарын 20

еврэй

0  |  1
pk(182.160.37.145) 2022 оны 10 сарын 20

sogtuu eltsintei niilj oros orniig dampuuruulsan nohor

0  |  1
аааааааааа(103.9.90.195) 2022 оны 10 сарын 20

сайхан амьтан байгаагүй. америкийн бөгс долоосон бууны нохой байсан даг. хэрэв тэр ерөнхийлөгч болсон бол агуу орос орон гэж байхгүй . Эргэн тойрон НАТО огоор хүрээлүүлсэн хөгийн орон болох байлаа. цаашаа харсан нь болж

0  |  1
aa(218.22.7.207) 2022 оны 10 сарын 20

best

1  |  0
Top