Сансрын хүүхнүүд

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 05

Сансарт ниснэ гэдэг хэн хүний давдаг даваа биш. Эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн асар их тэсвэр тэвчээр, мэдлэг чадвар гээд олон зүйл сансарт хэрэгтэй. Харин энэ мэт наад захын шалгуурыг давж чадах нь дэндүү цөөн.  Гэвч олон арван бүсгүйчүүд энэ хүнд сорилт шалгуурыг давж сансрын уудамд аялсан нь нэг хоёр улс орны гэхээсээ илүүтэй нийт хүн төрөлхтний бахархал болдог.  Эдүгээ хүн төрөлхтний элч төлөөлөгч болсон 57 бүсгүй  сансарт аялаад байна. Тэдгээрийн 45 нь АНУ-ын иргэн бол ОХУ-ын дөрвөн эмэгтэй бий. Түүнчлэн сансарт бүсгүйчүүдээ илгээсэн улс орны тоонд БНХАУ, Канад, Япон, Их Британи, Франц,  БНСУ багтаж байна.  Манай өмнөд хөрш  Хятад Улсын хоёр ч бүсгүй сансрын уудамд цойлон гарчээ.  

-Сансрын анхны эмэгтэй нисэгч Валентина Терешковаг  Алтайн хязгаарт эсэн мэнд газардсаны дараа  нутгийн оршин суугчид идээ ундаагаараа дайлсан бол Терешкова харин тэднийг сансарт авч явсан хоолоороо нутгийнхныг дайлсан гэдэг. Энэ нь хэрэг дээрээ дүрэм журам зөрчсөн явдал байжээ.  

Сансрын анхны эмэгтэй нисэгч Валентина Терешкова 1963 оны зургадугаар сарын 16-19-нд сансарт нисч эмэгтэй хүний боломж чадлыг дэлхий нийтэд анхлан харуулсан гавьяатай нэгэн. Тэрбээр “Восток-6” хөлгөөр сансарт ниссэн. Хагас зууны тэртээх сансрын хөлгийг өнөөдрийнхтэй харьцуулах аргагүй байсан нь тодорхой. Тэр үед техник технологи хийгээд сансрын шинжлэх ухаан өнөөгийнх шиг хөгжингүй, найвартай байж чадаагүй.  Ер нь орос бүсгүйчүүд сансарт анхдагч байсан. ОХУ-ын сансрын нисэгч эмэгтэй Светлана Савицкая 1982, 1984 онд сансарт хоёр ч удаа аялсан эрэмгий нэгэн. Тэрбээр задгай сансарт гарсан анхны эмэгтэй нисэгч болсон юм. Мөн ОХУ-ын сансрын гурав дахь эмэгтэй нисэгч Елена Кондакова 1994-1995 он дамжиж сансрын тойрог замын "Мир" станцад  таван сарын турш ажиллаж амьдарсан бөгөөд 1997 онд америкийн  сансрын "Atlantis" хөлгийн багт дахин багтаж дэлхийн хамгийн урт удаан хугацааг сансарт өнгөрөөсөн анхны  эмэгтэй гэсэн тодотголын эзэн болоод байна.

-Анх удаа задгай санарт гарсан ОХУ-ын сансрын нисэгч эмэгтэй Светлана Савицкая. Тэрбээр 1984 оны зургадугаар сарын 25-нд “Союз Т-12” хөлгөөр ниссэн.

Эх дэлхийгээс 337-430 км-ийн өндөр дэх тойрог замд Олон улсын сансрын станц 1998 оноос хойш дэлхийг тойрон аялж байна. Нэг үгээр хэлбэл сансрын уудам дахь зочид буудал гэмээр юм уу. Гэхдээ тэнд сансрын нисэгчид эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа урт удаан хугацаагаар хийдэг.  Энэ станц нь дотроо 916 ам. дөрвөлжин метр талбай бүхий 109м урт, 51 м өргөн сансрын том цогцолбор юм.  Энд 1998 оноос хойш сансрын 31 эмэгтэй нисэгч очиж ажилласан байна. Тэдгээр нь мөн л АНУ, Канад, Япон, Өмнөд Солонгос, Франц бүсгүйчүүд.  АНУ-ын  сансрын нисэгч гурван эмэгтэй энэ станцад тус бүр гурван удаа очиж ажиллаж байжээ.  Хэрэв нийт дүнгээр нь харвал бүсгүйчүүд энэ сансрын буудалд 2000 гаруй хоногийг өнгөрөөгөөд байна. АНУ-ын сансрын нисэгч эмэгтэй Пегги Уитсон хоёр удаагийн нислэгээрээ нийт 376 хоногийг сансарт өнгөрөөсөн бол Сунита Уильямс хамгийн урт удаан үргэлжилсэн нислэг буюу 194 хоног сансарт амьдарчээ.

Мөн тойрог замын станцад ажиллаж байгаа эмэгтэйчүүд 25 удаа задгай сансарт гарч нийтдээ 174 цаг ажилласан гэх тоо баримт байна. Эдгээрээс Сунита Уильямс задгай сансарт хамгийн олон буюу долоон удаа гарч нийт дүнгэрэээ 50 цаг 40 минут ажиллажээ.

  -Елена Кондакова охинтойгоо. Тэрбээр сансарт хоёр ч удаа аялсан бүсгүй. Сансарт хамгийн удаан хугацаагаар  буюу  1994 оны 10 дугаар сарын 4-өөс 1995 оны гуравдугаар сарын 22 хүртэл үргэлжилсэн нислэг хийсэн дэлхийн анхны эмэгтэй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.141.109) 2015 оны 06 сарын 06

Gaihamshigtai zorigtoi busguichuud gehees uur heleh saihan yg oldihgui ee

0  |  0
Top