Дэлхий бөхөн гөрөөснийхөө гуравны нэгийг алдав

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 10

Тавдугаар сарын сүүлчээс эхлэн Казакстаны хэд хэдэн мужид бөхөн гөрөөс үл мэдэгдэх шалтгаанаар үй олноороо үхэж эхлээд байна. Энэ явц одоо ч бүрэн зогсоогүй байна. Гарз хохирлын тоо толгойг нарийн тогтоогоогүй ч  мэдэгдэж буйгаар дэлхийн бөхөн гөрөөсний популяцийн  гуравны нэг үхэж үрэгдээд байгаа нь зөвхөн Казакстаны гэхээсээ илүүтэй дэлхий нийтэд нүүрлэж буй  экологийн сүйрэл гэж тодотгож болмоор байна. Одоогоор Казакстаны бөхөн гөрөөсний тэн хагас нь буюу 130 мянга гаруй бөхөн үхсэн гэх мэдээлэл байна.  Энэ бол НҮБ-ын Байгаль орчны Хөтөлбөрөөс гаргасан  мэдээлэл юм. Тэгэхээр бодит байдалд тун ойрхон тоо  баримт байх.

Одоогоор Казакстаны бөхөн гөрөөсний тэн хагас нь буюу 130 мянга гаруй бөхөн үхээд байгаа бөгөөд энэ нь дэлхийн бөхөн гөрөөсний популяцийн  гуравны нэгтэй тэнцэж байгаа юм.

Казакстан улсын хувьд бөхөн бол үндэснийх нэг баялаг, давтагдашгүй онцлогынх нэг юм. Учир нь тус улсад дэлхийн нийт бөхөн гөрөөсний 90 хувь нь ногддог.  Тус улсын Хөдөө аж ахуйн сайд Ерлан Нисинбаев бөхөнгийн энэ сүйрлийг “гүн эмгэнэлтэй явдал болж байна” хэмээн тодотгосон байна билээ.  Бөхөн гөрөөсний үхлийн шалтгааныг одоогоор  эцэслэн тогтоогоогүй байна. Гэхдээ хэд хэдэн урьдач таамаг байна. Олон нийтийн дунд яригдаж байгаа хамгийн түгээмэл таамаг бол ураны олборлолттой холбон тайлбарлаж байгаа явдал. Казакстан уран олборлолтоороо тэргүүлэх орны нэг. Мэдээж, энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй учирдаг байж таарна. Тиймээс муу л бол баруун тойд талын хар овоохой гэдэг шиг энэ мэт  экологи, мал амьтанд гарсан аливаа сөрөг талыг урантай хамгийн түрүүнд холбож тайлбарлах гэдэг. Энэ удаа ч бас ийм өнцгөөс түлхүү харж, учир шалтгааныг ураны олборлолт хэмээн харж байна.

Мэргэжилтнүүдийн хийсэн дүн шинжилгээгээр “Эдгээр амьтад амьсгалын замын асуудалд орж, амьсгалж чадахгүй байсаар үхсэн байна. Тэд идэхээ зогсоож, улмаар нэг буюу хоёр хоногийн дараа үхсэн байж магадгүй” гэж Лондон дахь Хатан хааны мал эмнэлгийн коллежийн Ричард Kock ярьжээ.

Ямартай ч эдүгээ Казакстанд бөхөн гөрөөсний өвчнийг оношлох,  шалтгааныг тогтоох, эмнэл зүйг боловсруулах, үүнтэй уялдаад биологийн аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий төв байгуулаад байна. Түүнчлэн тус улс ын Боловсрол, шинжлэх ухааны яам бөхөн гөрөөсний популяцийн судалгааг хиймэл дагуулын тусламжтайгаар хийх, өвчний голомтод ус, агаар, хөрс, ургамлын иж бүрэн шинжилгээ судалгаа  хийх үүрэг даалгавар аваад байна.

Энэ сарын эхээр дээрхи асуудалтай холбоотойгоор болсон  шуурхай хуралдааны үеэр дурдагдсан тоо баримтаас харвал нийтдээ 132 320 гаруй бөхөн үхсэнээс Костанай мужид  хамгийн олон буюу 113 309, Акмолинскт 9386, Актюбин мужид мөн 9630 гаруй бөхөн гөрөөс үхжээ.  

Тус газрын мэргэжилтнүүд  цусан үжил нь мал амьтан тухайлбал, үхэр, хонь ямаа, гахай, тахиа мэтийн мал амьтныг өвчлүүлдэг аюултай өвчин гэдгийг сануулсан байна.

Хамгийн сүүлчийн мэдээллээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн хяналтын газрын судалгаагаар үхсэн бөхөн гөрөөснөөс авсан шинжилгээгээр  “Pasteurella multocida”-ын В хэлбэрийн үүсгэгчийг илрүүлсэн гэжээ. Энэ нь мал амьтны цусан үжил өвчнийг  идэвхжүүлэгч гол хүчин зүйл болдог аж.  Тус газрын мэргэжилтнүүд  цусан үжил нь мал амьтан тухайлбал, үхэр, хонь ямаа, гахай, тахиа мэтийн мал амьтныг өвчлүүлдэг аюултай өвчин гэдгийг сануулсан байна.

Бөхөн ингэж олноороо үхсэн нь тус улсын хувьд анхны тохиол биш юм. 2010 онд бас иймэрхүү  явдал болж байсан бөгөөд энэ нь  өвчний шалтгааныг нарийн тогтоож судлах, урьдчилан сэргийлэх боломж, аюулгүй байдлын цогц арга хэмжээ зайлшгүй шаардлагатай байгааг дахин сануулж буй хэрэг юм.

П.Булган

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lloo(103.26.194.160) 2015 оны 06 сарын 10

populyats gedeg ugiig tarhalt gej orchuulj bolmoor

0  |  0
Top