Гайтид Ерөнхийлөгч нь л оффист, бусад нь гудамжинд байрлаж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 30

Таван жилийн өмнө газар хөдлөлтөд өртөж байсан Гайти улс тэрхүү аймшигт гамшгаас хойш ямар байдалтай байна вэ. Тус оронд сонгуулийн улайрлаас өөр дорвитой өөрчлөлт ирсэнгүй гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна. Жишээ нь өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгогчдоосоо илүү идэвхитэй байлаа. Төрийн тэргүүний сэнтийд залрах горьдлого тээсэн 53 нэр дэвшигчийн сурталчилгааг байрлуулахад Порт о Пренс хот ч багадсан гэхэд болно.  Парламентын хоёрдугаар шатны санал хураалт, орон нутгийн сонгууль зэрэг явагдсан тул гэрлийн шон, хашаа, ТҮЦ гээд хаа сайгүй инээмсэглэсэн, чухал царай гаргасан амбийцтай нөхдийн зураг наажээ. Тэдний хэн нь мундаг чадалтайг таашгүй, гэхдээ гайтичуудын хувьд найдлага тавьж байсан нь мэдээж. Газар хөдөлснөөс хойш тус улсад Ерөнхийлөгч М.Мартеллигаас гадна 10 сенатор л оффист байрлан үйл ажиллагаа явуулж, бусад нь “гудамжинд” байжээ. Энэ байдал таван жилийн дараа дуусч, парламентаа байгуулахаар шийдээд байгаа нь ийнхүү сонгуулийн улайрсан өрсөлдөөнд хүргэжээ. Гэвч ажлын туршлагатай нэр дэвшигч байхгүй гэж хэлэхэд болохоор байна.

Газар хөдөлснөөс хойших таван жилд улс орны байдал эрс дорджээ. Гамшгийн дараа дэлхийн олон улс орнууд их хэмжээний мөнгөн тусламж өгөхөөр амалсан ч ихэнх нь өгөөгүй аж. Гэхдээ гадаад өрийг нь бараг л бүрэн тэглэсэн учир уг нь гайтичуудад бүхнийг эхнээс нь эхлэх боломж бий болсон. Гэвч улстөрчид нь энэ боломжийг ашиглах нь байтугай гамшгийн шокноосоо одоо ч гараагүй гэхэд болохоор байна. Улс орноо хөгжүүлнэ хэмээн амалж гарч ирсэн улстөрчид нь тусламжийн мөнгийг идэж уун, авлигатай тэмцэх хууль батлахад хүргэсэн. Парламентын сонгуулийг 2011, 2013 онд зохион байгуулахаар товлосон ч тухай бүрт нь хойшлуулсаар энэ жилтэй золгожээ. Боловсролын салбар орхигдож, эрчим хүчний хангамжаар бүс нутагтаа хамгийн сүүлийн байр эзлэх болсон байна.

Гадны донор орнуудаас орж ирдэг мөнгөн тусламж 2010 онд ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байсан бол өнгөрсөн жил 7 хувьтай тэнцжээ. Өөрөөр хэлбэл, гадныхан мөнгө өгөхөө больж байна. Тиймээс “Эдийн засгаа хөгжүүлэх, сүүлийн хэдэн жил тасалдсан төр-иргэний харилцааг сэргээх, өнгөрсөн жил батлагдсан авлига хээл хахуультай тэмцэх хуулийг чанд мөрдүүлэх нь шинээр байгуулагдсан парламентын гол үүрэг байх болно” гэж  Гайтид тун нөлөөтэй болоод буй Дэлхийн банк мэдэгдэж байна. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2016(150.129.140.198) 2017 оны 01 сарын 31

монголын луйварчид :-t эд нараас туршлага судалдаг юм бна. :-t

0  |  0
mongol(112.72.11.120) 2017 оны 01 сарын 30

Manaih munduu yasan adilhan bnaaaaa

0  |  0
Зочин(103.26.195.74) 2017 оны 01 сарын 30

Яг манай улс төрчид шиг юм бна

0  |  0
Top