АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээж аваад 12 хонож байна. Тэрбээр сонгуулийн үеэр сонгогчдодоо амлаж байсан амлалтуудаа эхнээс нь биелүүлж эхэллээ.
Тангараг өргөсөн даруйдаа өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын “Obamacare” хуулийг цуцлах шийдвэр гаргасан. “Obamacare”-ээр эхэлсэн Дональд Трампын гаргаж буй зарлигууд олныг цочирдуулсаар байна.
Ингээд Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойшхи 12 хоногийн хугацаанд ямар зарлигт гарын үсэг зурсныг хүргэе.
Нэгдүгээр сарын 21
41 удаа хүчингүй болгох санал хураагаад үр дүнд хүрээгүй хуулийг тангараг өргөснийхөө маргааш цуцлав
Трамп тангараг өргөснийхөө маргааш “Obamacare” хуулийг цуцлах зарлигт гарын үсэг зурсан. Ийнхүү 20 сая хүнийг эрүүл мэндийн даатгалд залгуулсан “Obamacare” цуцлагдлаа. Ерөнхийлөгч Барак Обама 2010 онд эрүүл мэндийн даатгалын системд нэгэн томоохон өөрчлөлт оруулсан нь “Affordable Care Act” буюу “Obamacare” байсан юм. Жижиг бизнес эрхлэгч болон багахан хэмжээний хувийн хэвшилд ажилладаг хүмүүс томоохон компани болон төрийн албанд ажилладаг хүмүүстэй харьцуулахад эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломж хомс байдаг. Бага болон дунд орлоготой иргэд хувийн эрүүл мэндийн даатгал худалдаж авснаар улсаас эрүүл мэндийн зардлынх нь ихэнх хэсгийг эсвэл бүрэн хэмжээгээр багасгаж нөхөн олговор өгөх, эрүүл мэндийн байдлаас үл хамааран үнэгүй үйлчилгээг авах боломжийг олгож байгаа юм. Олон хүнийг улсаас даатгаж социализм шиг болгох нь гэж бүгд найрамдахчууд олон удаа эсэргүүцэж, 41 удаа хүчингүй болгох санал хураагаад үр дүнд хүрээгүй билээ.
Нэгдүгээр сарын 23
“Транс-Номхон далайн түншлэл”-ийн чөлөөт худалдааны гэрээнээс гарав
“Obamacare” хуулийг цуцалснаас 24 цагийн дараа Барак Обамагийн санаачлан, ажил хэрэг болгосон “Транс-Номхон далайн түншлэлийн гэрээ”-нээс гарах зарлигт гарын үсэг зурсан билээ. АНУ 12 улсыг хамарсан худалдааны гэрээ буюу “Транс-Номхон далайн түншлэлийн гэрээ”-ний тусламжтай Азийн орнуудыг хяналтдаа байлгадаг хэмээн олон улс буруутгадаг. “Бидний хийсэн зүйл Америкийн олон ажилчны хувьд сайн зүйл боллоо. Ард түмний нуруун дээр дарамт учруулж буй бүхнийг цуцалж, илүү боловсронгүй зүйлээр солих болно” хэмээн Трамп хэлсэн. Тэрбээр сонгуулийн үеэр “Ерөнхийлөгч болвол Обамагийн санаачилсан бүхнийг цуцлах болно. Би түүн шиг эх орноо аюулд оруулахгүй” гэсэн юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 4-нд дэлхийн эдийн засгийн түүхэн дэх хамгийн амбийцтай гадаад худалдааны түншлэлийн гэрээ үзэглэгдсэн. Бараг 10 жил хаалттай үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст 28 триллион буюу дэлхийн эдийн засгийн 40 хувь, гадаад худалдааны гуравны нэгийг хамарсан хэлэлцээр биеллээ олсон нь энэ байсан юм. Түншлэлд АНУ, түүний дотор Ази Номхон далайн 12 орон багтсан юм. Нийтдээ 18 мянган төрлийн импортын тарифыг нэгмөсөн тэглэх юм уу эсвэл багасгана. “Транс Номхон далайн түншлэл”-ийг 500 сая орчим хүнтэй Европын холбоотой зүйрлэж болно. Үнэндээ Европын холбооноос ч том либералчлагдсан эдийн засгийн бүс үүсэх байсан гэсэн үг. Хоорондоо асар ялгаатай ийм олон орон, ийм том хэмжээнд, ийм цар хүрээтэй гэрээнд гарын үсэг зурж чадсан нь нэг бодлын том амжилт байсан юм. “Транс Номхон далайн түншлэл” хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй учраас тодорхой нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ Дональд Трампыг энэхүү чөлөөт худалдаанаас гарах шийдвэр гаргасанд олон хүн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Түүнчлэн Трампын худалдааны бодлого түүний хэлсэнчлэн АНУ-ын эдийн засгийг дэмжих боломжгүйг эдийг засагчид хэлж байна. Түүний баримтлах худалдааны бодлого АНУ-ын эдийн засгийг гүн хямрал руу түлхэж, үүнийг дагаад хөрөнгийн зах зээлд огцом уналт бий болж санхүүгийн ноцтой хямралд хүргэж болзошгүй хэмээн эдийн засагчид анхаарууллаа. Эдийн засагчдын үзэж буйгаар, Трампын баримтлах бодлого шинээр гарч ирж буй зах зээл, хөгжиж буй орнуудад сөрөг нөлөө үзүүлж магадгүй ажээ.
Нэгдүгээр сарын 25
Трампын гурав дахь зарлиг буюу Мексикийн хилийн дагуу хана барина
Ерөнхийлөгч Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гурав дахь зарлигтаа гарын үсэг зурсан. Трампын мөрийн хөтөлбөрт багтсан хамгийн их анхаарал татсан амлалтын нэг бол “Мексикийн хилийн дагуу хана босгох, Америкийг мексикчүүдээс чөлөөлөх” гэх амлалт байсан юм. Эхнээсээ л олон шүүмжлэл, эсэргүүцэлтэй нүүр тулаад байсан уг амлалтаа ажил хэрэг болгох зарлигт Трамп гарын үсэг зурлаа. Тэрбээр “ABC” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Бид Мексикийн хил дээр хана босгоно. Шийдвэрээ өөрчлөхгүй. Энэ бол миний эцсийн шийдвэр. Тун удахгүй хана босгох ажил эхэлнэ. Би хэний ч эсэргүүцлийг хүлээн авахгүй. Учир нь би америкчуудын төлөө энэхүү шийдвэрийг гаргасан” гэж хэлсэн. Мексикийн хилийн дагуу хана босгох эсэхийг Конгресс дэмжвэл уг бүтээн байгуулалтын ажилд Америк олон тэрбум долларыг зарцуулах юм. “Уг ажилд ойролцоогоор 12 тэрбум ам.долларыг зарцуулна” хэмээн шинжээчид үзэж байна. Харин Трамп “Энэхүү ханыг босгох ажилд зарцуулах мөнгийг Мексикийн тал гаргах хэрэгтэй” гэж мэдэгдсэн ч Мексикийн Ерөнхийлөгч Энрике Ньето энэ мөнгийг гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.Хэрвээ энэ бүхэн ажил хэрэг болбол хамгийн багадаа 10 мянган хүн ажлын байртай болох гэнэ.
Нэгдүгээр сарын 26
Нууц шоронгуудын үйл ажиллагааг сэргээх зарлигт гарын үсэг зурлаа
Мексикийн хил дээр хана босгох зарлигт гарын үсэг зурсаныхаа дараа тэрбээр аюулгүй байдлыг чангатгах хэд хэдэн зарлигт гарын үсэг зурсан. Тухайлбал, алан хядах ажиллагаа явуулсан хэмээн сэжиглэгдэж буй этгээдүүдийг байцаах арга барилыг халж, шинэ арга барилыг нэвтрүүлэхийг Үндэсний аюулгүй байдлын агентлагийн удирдлагуудад даалгасан юм. “Мөн хилийн чанад дахь Тагнуулын ерөнхий газруудын нууц шоронгуудын үйл ажиллагааг сэргээж, илүү их мөнгө төсөвлөх”,“Хууль бус цагаачдыг орогнуулж, ажлын байраар хангаж буй хотуудын төсвийг хасах” зарлигт гарын үсэг зуржээ.
Нэгдүгээр сарын 27
Ислам шашинтныг АНУ-д нэвтрэхийг хориглож, нефть дамжуулах хоолой барих ажлыг сэргээв
АНУ-ыг заналхийлж буй террорист бүлэглэлүүдийн үүр уурхай болоод буй зарим исламын шашинтай улсын иргэдийг тус улсад нэвтрэхийг хориглосон болон “Keystone XL”, “Dakota Access” гэдэг хоёр нефть дамжуулах хоолойг барих ажлыг сэргээн үргэлжлүүлэх хуулийн төсөлд Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зурсан. Трамп Сири, Ирак, Иран, Ливи, Сомали, Судан болон Йемен Улсын иргэдэд виз олгохоос татгалзсан байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа ялалт байгуулвал исламын шашинтнуудад хориг тавина хэмээн амлаж байсан юм. Өмнөх Ерөнхийлөгч Барак Обама иргэний дайны хохирогч болж буй Сирийн 100 мянган иргэнд орогнол олгохоо илэрхийлсэн юм. Үүнийг Ерөнхийлөгч Трамп буруу шийдвэр гэсэн. Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн зогсоосон нефть дамжуулах хоолой барих ажлыг үргэлжлүүлснээр Канадаас Америкийн нефть боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж буй нефтийг дамжуулах “Keystone XL” хоолойг барих төсөл нь 28 мянган ажлын байр бий болгоно гэж үзэж байна. Харин байгаль орчныг хамгаалах байгууллагууд Трампын шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд 28 мянга гэдэг бол зөвхөн түр ажлын байрны тоо гэдгийг дурдаж байна. Нефтийн хоолой барих ажлыг сэргээхийн зэрэгцээ Ерөнхийлөгч Трамп хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал эрхэлсэн агентлагийн үйл ажиллагааны хүрээг хязгаарлажээ. Тус агентлаг шинээр зөвшөөрөл өгөх эрхгүй болсноос гадна ажилтнууд нь нийгмийн сүлжээнд мэдээлэл оруулах, сэтгүүлчидтэй уулзах боломжгүй болжээ. Агентлагийн даргаар томилогдсон Скотт Прюиттийн нэрийг Сенат батлаагүй байгаа учраас дээрх хориг түр зуурынх уу эсвэл байнга үйлчлэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Прюитт бол дэлхий дулаарч байгаа тухай онолыг эрс шүүмжилдэг хүмүүсийн нэг юм. Ерөнхийлөгч асан Барак Обама 2015 онд “Keystone XL” нефть дамжуулах хоолой барих ажлыг зогсоох шийдвэр гаргасан билээ. Уг хоолой нь хоногт 800 мянган баррель газрын тос дамжуулах хүчин чадалтай аж. Үүний сацуу индианчуудын эсэргүүцлээс үүдэн “Dakota Access” хоолойг барих ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зогссон байна. Харин исламын шашинтнуудыг АНУ-д нэвтрүүлэхгүй байх тухайд “Трампын хоригт багтсан орнуудын бүх иргэн алан хядагчид биш” хэмээн зарим улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлж “Хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр байна” гэж буруутгасаар байна. Уг шийдвэрийн дараа “АНУ-д цагаачлан амьдарч буй бүх цагаачдыг албадан гаргах уу?” гэх асуудал олон хүний анхаарлыг татаж буй юм. Гэхдээ энэ талаар Трамп албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Тэрбээр сонгуулийн үеэр “Хууль бус цагаачид болон исламын шашинтай иргэдийг албадан гаргаж, Америкийн цэвэрлэх болно” хэмээн мэдэгдсэн билээ. АНУ-д хууль бусаар ойролцоогоор 11 сая хүн амьдарч байна. “Трампын шийдвэрээс болж “АНУ амар амгалан болно эсвэл хэтэрхий аюултай болно” хэмээн “CNN” агентлаг мэдээлэв. “Мэдээж Трампын шийдвэрийг эсэргүүцсэн шашин нэгтнүүд нэг зүйл хийх нь тодорхой” хэмээн тус агентлагийн тоймч өөрийн твиттер хуудастаа жиргэжээ.
Нэгдүгээр сарын 28
Байгаль орчныг хамгаалах нэрийн дор ажилгүйдэл бий болгож буй бүх шийдвэрийг цуцална
Дэлхийн дулаарал бол "өндөр үнэтэй хууран мэхлэлт" хэмээгээд АНУ-аас НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрт төлдөг их хэмжээний төлбөрийг зогсоох хүсэлтэй гэдгээ Трамп хэлж байв. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээнээс татгалзах тухай ч тэр ярьж байлаа. Одоогоор энэ талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа ч байгаль орчныг хамгаалах нэрийн дор ажилгүйдэл бий болгож буй бүх шийдвэрийг цуцална гэж мэдэгдээд байгаа.
Нэгдүгээр сарын 30
Ерөнхий прокурорыг хугацаанаас нь өмнө огцруулав
Цагаачлалын асуудлаарх зарлигийг дагаж мөрдөхгүй байхыг Хуульзүйн яамны хуульч, прокуроруудад үүрэг болгосон АНУ-ын Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр огцруулжээ. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Ерөнхий прокурор Салли Йейтес АНУ-ын ард иргэдийг хамгаалахад чиглэсэн хууль журмыг дагаж мөрдөхөөс татгалзлаа” гэжээ. Салли Йейтес нь Барак Обамагийн засаг захиргааны үед Ерөнхий прокуророор томилогдсон байна. Дээрх шалтгаанаар Трамп хатагтай Йейтесыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Виржиниа мужийн Дорнод тойргийн прокурор Дана Бентег Ерөнхий прокуророор томилсон тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдэгдэв. Сенатч Жефф Сэшнсийг Ерөнхий прокуророор томилох эсэхийг Сенатын танхимын гишүүд эцэслэн шийдэх хүртэл Дана Бенте Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэх аж.
Нэгдүгээр сарын 31
Одоо хэрэгжиж буй хууль журмуудыг цөөрүүлэх зарлиг гаргалаа
Трамп эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор одоо хэрэгжиж буй хууль журмуудыг цөөрүүлэх тухай зарлигт өчигдөр гарын үсэг зурлаа. Уг зарлигийн дагуу Засгийн газрын агентлагууд хүчингүй болгох хоёр журам тутмын оронд өөр нэг шинэ зохицуулах журам танилцуулах ёстой. Мөн холбооны агентлагууд хүчингүй болгох шаардлагатай гэж үзсэн хууль журмуудыг танилцуулж, тэдгээрийг Цагаан ордон хянан үзэх аж. Ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд жижиг бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзах үеэрээ “Би одоо үйлчилж байгаа хууль журмын 75 гаруй хувийг хүчингүй болгоно” гэжээ
Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд татварын тогтолцоог боловсронгуй болгож, татварыг бууруулна гэж тэрбээр амалсан байна. Тэрбээр “2008 оны санхүүгийн хямралын үеэр Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны баталсан санхүүгийн зохицуулалтуудыг эргэн харна” гэжээ. Санхүүгийн зохицуулалтын шинэчлэлтийн тухай “Додд-Франк” хуулийг тэрбээр “гамшиг” гэж тодорхойлоод, “Энэ хуулийн улмаас банкууд жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгохгүй байна” гэжээ.
Ц.Даваасамбуу
Сэтгэгдэл ( 7 )
America Putin ba daa
Obamacareг цуцалсанд сая сая America чууд баяртай байгаа учир нь ажилтай хүмүүс эрүүл мэндийн өндөр даатгал төлөж түүгээрээ ажилгүй хүмүүсийн даатгалыг нөхөж байсан юм ! Mexico хилд хана барих асуудлыг Mexico с орж ирэх бараанаас авах 20% татвараар төлнө гээд шийдсэн ...
ХЭТ ЗАДГАЙ АМЕРИКИЙН ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭХ НЬ АРГАГҮЙ Ч ЗӨВ ЮМ ИХ ХИЙХЭЭР ШУДАРГА ХҮН
demjij bna. amlaltaa ajil hereg bolgooroi shudraga hun.
АНУ нэг мөр задарчихвал их сайн шүү!