Мьянмар улсын ардчилсан хүчний удирдагч Ан Сан Су Чи гадаад хүнтэй гэр бүл болсноосоо болоод Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй билээ. Тэгвэл тэрээр Засгийн газартаа Гадаад хэргийн сайдын алба хашиж, дэлхий дахинд улсынхаа нүүр царай болох үүргийг амжилттай гүйцэтгэж байна. Тэрээр ажлаа авснаасаа хойш Мьянмарын хууль эрхзүйн стандартыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, “дэлхийн нэг хэсэг” болгоход гол анхаарлаа төвлөрүүлж байгаа аж. Тэр гаднаас ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд маш их идэвх эрмэлзэл гаргаж байна.
Ан хатагтай үзэж байгаагаар, Мьянмарт одоо хамгийн хэрэгтэй байгаа зүйл нь олон улсын хөрөнгө оруулалт гэнэ. Мьянмарт ажилгүйдэл их байгаа учраас шинээр ажлын байр бий болгох нэн шаардлагатай, үүнийг гадаадын шууд хөрөнгө оруулалт л хамгийн хурдан шийднэ гэж тэр үзэж байгаа учраас эх орондоо хөрөнгө оруулагчдыг урьж, мэдэгдэл хийсэн байна.
Мьянмарт өдөр бүр улс даяар цахилгааны хязгаарлалт хийдэг аж. Ан Сан Су Чи мэдэгдэлдээ энэ талаар “Би Банкок хотын шөнийн гэрэлтүүлгийг харж байх үед Бирм улсын ард иргэд цахилгаан тасалдахыг эсэргүүцэж мянга, мянгаараа гартаа лаа барин төв талбай дээрээ жагсаж байсан нь нүдэнд харагдах шиг болсон. Харин 30 жилийн өмнө би Нью Йорк, Лондон хотод очиж байхад тэгж санагдаж байгаагүй. Учир нь тэр үеийн Бирм улс өнөөдрийх шиг ийм нөхцөл байдалтай байгаагүй юм” хэмээн өгүүлсэн байна.
Хөрөнгө оруулагчид Мьянмарт итгэвэл мөнгөө маш их өсгөж авна. Мьянмар ч Азийн бусад орнууд шиг хөгжих бүрэн боломжтой гэнэ. Ан Сан Су Чи энэ талаар “Мьянмар улсад өгөх санхүүжилт хөрөнгө оруулагчдад маш их ашиг өгч чадна. Ард түмний амьдрал ч сайжирна” гэж тэрээр онцлоод “Гэхдээ, маш их хөрөнгө оруулалт авлига хээл хахуулийн үндэс болдог тал бий. Хамгийн чухал зүйл бол ажлын байрыг нэмэгдүүлж, боловсролыг дэмжих явдал юм” гэжээ.
Мьянмарын залуучууд ямар ч хүсэл тэмүүлэл, мөрөөдөлгүй болж байгаа учир гадагшаа явж ажиллах явдал эрс нэмэгдэж байгаа юм байна. Зөвхөн Тайландад гэхэд л хоёр сая гаруй иргэд нь ажиллаж амьдарч байна. Тэдний дийлэнх нь маш хүнд нөхцөл байдалтай ажиллаж байгаа ч эх оронд нь түүнээс дор нөхцөл байдал үүссэн учир буцаж чадахгүй байгаа аж. Тус улсад ажиллаж байгаа Бирмийн иргэд маш бага хөлстэй ч ямар ч нийгмийн даатгалд хамрагдах боломжгүй байдаг байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 5 )
өнөөгийн монголын дүр зураг мөн
МОНГОЛЫН АРДЧИЛАЛ БОЛ ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ гэсэн байхоо
энэ нэг муухай авгай монголыг хэмх доош хийсэн
манайх шиг болох байх яана даа