УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталлаа. Мөн УИХ-аас төсвийн тодотголыг баталснаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт”-т хамрагдах болсон. Дээрх асуудлуудаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Оффшортой тэмцэх лобби бүлгийн гишүүн М.Билэгттэй ярилцлаа.
Оффшор бүсэд хөрөнгөө нууж буй хүмүүстэй тэмцэх хуулийн төсөл өнөөдөр батлагдлаа. Хуулийн төслийн ач холбогдлыг хүмүүс өндөр үнэлж байна?
Оффшорын асуудал сүүлийн хоёр жилд яригдаж, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна. Тэгэхээр олон улсын жишигээ дагаад хуулиа батлах ёстой юм байна. Төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд хөрөнгө байршуулах, мөн үр хүүхэд, гэр бүл, төрсөн ах эгч, дүү нь оффшор бүсэд хөрөнгөө нуухыг хориглохоор хуульчилсан. Энэ заалт өөрчлөлт оролгүйгээр тусгагдсан нь оффшорчидтой тэмцэх эхний алхам боллоо. АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг хүргүүлдэг цөөн өндөр албан тушаалтнуудаас гадна төрийн албан хаагчид ч оффшор бүсэд дансгүй байх нь зүйтэй юм байна.
УИХ-д лобби бүлэг байгуулагдсан. Энэ бүлэг юу хийх вэ?
УИХ-д лобби бүлэг байгуулагдсан шалтгаан нь оффшор бүс гэдэг асуудлыг зөв талаас нь тайлбарлах, ойлгуулж хүргэх зорилготой. Оффшор бүс гэдэг нь хэн нэгний үзэн ядаад байх асуудал биш. Яагаад гэхээр татварын таатай орчин. Оффшор бүс гэдгийг гурван байгууллага тодорхойлж дүгнэлт гаргасан байдаг. Олон улсын валютын сан, Татварын шударга ёсны холбоо, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага нийлээд Оффшор бүс гэдгийг тодорхойлж дүгнэлтээ гаргадаг. Эдгээр байгууллагуудаас судлаад нэгдүгээр зэрэглэлийн оффшор бүс, хоёрдугаар зэрэглэлийн оффшор бүс гэдгийг тодорхойлж гаргадаг. Тэрний дагуу оффшор бүсийг зарладаг.
Бидний гол ярьж буй зүйл бол Монголоос Оффшорт нуусан мөнгөний эх үүсвэрийн асуудлыг ярьж байгаа. Олсон эх үүсвэр нь хууль ёсных уу, хууль бусуу гэдгийг тогтоох ёстой гэж үзэж байна. Төрийн өндөр албан тушаал, авлигын шугамаар мөнгө олсон байна уу гэдгийг тогтоодог байх ёстой. Хууль бусаар олсон бол хариуцлага тооцдог, хөрөнгө мөнгийг нь Монголд оруулж ирдэг байя. Гэхдээ одоо оффшорт байгаа мөнгийг бид мэдэх боломжгүй. Учир нь тухайн бүс нь хэрэглэгчийнхээ мэдээллийг хатуу нууцалдаг, хамгаалагдсан байдаг. Тэгэхээр одоо оффшор данстай гэж улс төрчдийг зарлаад байгаа нь бодитой мэдээлэл биш болов уу. Цаашид Монголоос оффшор бүсэд хэний, хэр хэмжээний хөрөнгө байна вэ гэдгийг яаж бодитой мэдэж болох уу гэдэг гарцыг хайж байгаа. Ингэх гэж хамтарч ажиллахаар лобби бүлэг байгуулагдсан. Оффшор бүсийн орнуудтай манайх хэрхэн хууль ёсны хүрээнд харилцах ёстой юм. Түүнийг судалж гаргаж ирэх ёстой.
Лобби бүлэгт хэчнээн гишүүн нэгдсэн бэ?
Одоогоор УИХ-ын 10 гишүүн гарын үсэг зурсан. Нэг хэсэг оффшорчид тэмцэх биш тэднийг хамгаалсан хууль гаргах гэж байна гэдэг шүүмжлэл өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийг эргэж харах, тандах, судлах зүйл ажлын хэсэгт гарсан байх. Гэхдээ хууль ямартай ч батлагдлаа. Энэ бол оффшор бүсэд хөрөнгө байршуулагч нартай тэмцэх эхний алхам болж байна.
ОУВС ТАТВАР НЭМЭХ ЧИГЛЭЛИЙГ ӨГСӨН
2017 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Хэд хэдэн татварт өөрчлөлт оруулж, нэмэх гэж байна. Энэ нь олон нийтийг талцуулж буй. Шүүмжлэлтэй хандах хүн олон байна л даа?
Би татвар нэмэхийг дэмжихгүй байгаа. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Энэ нь ард түмний буруугаас болоогүй. Төрийн алдаатай бодлогоос болж жил жил дордсон. Олон улсад ч Монголд итгэх итгэл буурсан. Монголын эдийн засаг муудсан нь ОУВС-ийн дүгнэлтээс харагдаж байна. 1996 – 2000 оны үед эдийн засгийн хүнд хямралд орж байсан байдаг. Гэхдээ онцлогтой нь гадаадад тийм их өртэй байсангүй. Гэтэл өнөөдөр манай улс хугацаа тулсан их хэмжээний өртэй байгаа. Үүнийгээ төлөхгүй бол Монгол Улс дампуурах хэмжээнд оччихоод байна. Тиймээс өр зээлээ хугацаанд нь төлөхийн тулд шинээр бүрэлдсэн УИХ, Засгийн газар анхаарал хандуулж ажиллаж ирлээ. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар болсон нь эхний хүндрэлээс гарах алхам гэж үзэж байна. ОУВС-аас 30 гаруй шаардлага тавьсны 7, 8-ыг нь хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цөөхөн хэдэн шаардлагуудыг нь биелүүлэхээс өөр арга байхгүй. Яагаад гэхээр хамгийн сүүлд гэхэд манай Засгийн газар 2016 оны зургадугаар сард жилийн 11 хувийн хүүтэй мөнгийг гаднаас босгосон. Түүнээс доош хүүтэй зээл босгохоос өөр аргагүй. ОУВС-д хандаад, Монголын эдийн засгийг хяналтдаа байлгаад явна гэвэл донор орнууд итгэл өгч, жилийн 1 – 1.5 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл олдох боломж байгаа учраас бид дэмжлэг авч байна. ОУВС-аас тавьсан шаардлагыг биелүүлж, төсвийн тодотголоо хийхээс өөр арга алга байсан. Хэрэв ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаад, цаг тулсан зээлээ төлөөд эдийн засаг сэргэх явцад энэ хөтөлбөрөөсөө богино хугацаанд эргээд гарах боломжтой. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж 5.5 тэрбум ам.долларыг жилийн 1 – 1.5 хувийн хүүтэйгээр, аль болох урт хугацаатай авах нь зөв юм. Манай улс төрчид энэ мөнгийг дураараа зарцуулж чадахгүй. Яагаад гэхээр ОУВС хяналтаа тавьж ажиллана. Энэ бол Монголын төсөв, санхүүгийн системийн эрүүлжүүлэх сайн талтай. Хувь хүний орлогын албан татварыг цөөхөн хэдэн хүнд нэмэгдэхээр байгаа. Сард 1.5 саяас дээш орлого олсон хүнд таван хувь нэмэгдүүлээд 15 хувийн татвар авахаар тусгасан. Гэхдээ нийт иргэдийн 96 хувь нь 1.5 саяас доош орлоготой байна. Тэгэхээр 5 орчим хувь нь ХХОАТ-ын нэмэгдэлд өртөх гээд байна л даа. Нийт масст нөлөөлөх нөлөөлөл нь бага юм.
Төсвийн хууль оруулж ирэхэд төрийн албан хаагчдын бүтцийг цөөлөх, зардал хянах зохицуулалт орж ирсэнгүй. Үүнд ч сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байна?
Төрийн албан хаагчдын тоог цөөлөх ёстой нь үнэн. Нийт 180 мянга гаруй төрийн албан хаагч байна. Бүтцийн өөрчлөлтийг хийж, олон улсын жишгийг харах ёстой. Хөгжингүй орнуудад 100 иргэн тутамд нэг төрийн албан хаагч ногддог. ОХУ-ын хувьд 150 хүнд нэг төрийн албан хаагч оногддог. Гэтэл манай улсад 16 хүнд нэг төрийн албан хаагч ногдож байна. Тэгэхээр олон улсын жишгээс тав дахин их байна. Гуравхан сая иргэнтэй улсын ажил хийж буй хувийн хэвшлийн нэг сая иргэн энэ хүмүүсийн цалин хангамжийг яаж дийлэх юм бэ. Төрийн албан хаагчдын тоог нэмээд байвал хувийн хэвшлийнхэн тэдний цалин хангамжийг дийлэхгүй. Тийм учраас дариу бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой.
Төсвийн тодотголоор сая энэ өөрчлөлтийг хийж болдоггүй байсан юм уу?
Монгол Улс даяар ажилгүй, орлогогүй хүн олон байна. Үүн дээр нэмж төрийн албан хаагчдыг цомхотгох нь улам ядуурал ажилгүйдлийг нэмэгдүүлэх юм байна гэж үзсэн. Тэр талаас нь хамгаалж үлдсэн. Харин ирэх намраас төсвийн хуулиар албан хаагчдыг цөөлөх, бүтцийн өөрчлөлт хийхээс аргагүй. Тэгнэ ч гэж гишүүд ярьж байгаа.
Татваруудыг нэм гэж ОУВС чиглэл өгдөг юм уу. Эсвэл манай Засгийн газрын бодлого уу?
ОУВС-гаас орлого оруулах ийм нөхцөлүүдийг бүрдүүл, тэвчиж болох ийм халамжуудын зардлуудаа багасгачих гэсэн чиглэлийн дагуу явж байна. Тэгэхээр тэгж ойлгож болох байх.
Ер нь Монгол Улсын эдийн засгийн сахилга батыг дээшлүүлэх нь чухал байна. Ингэж чадвал улс хөгжих боломжтой. Баялаг ихтэй ийм орныг төрийн эрхийг барьж байгаа хүмүүс нь муу менежменттэй авч явж ирснээр санхүүгийн хямрал болсон. Иргэд нь ажилгүй, цалингүй, ядуу амьдарч байна. Оюутолгойгоос гэхэд өдөрт вагон вагоноор газрын баялгаа зөөж байна. Гэтэл валютын үнэ нь өсөөд, иргэд нь ядуу амьдарч байдаг. Энэ бол төрийн гэрээ, хэлэлцээр хийж буй хүмүүсийн тааруу байгаагийн илрэл юм.
Т.Түвшин