”Ааш муутай” К2-ын аргыг нь олж, оргилд нь хүрэхээр Г.Өсөхбаяр гавьяат зорилоо

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 17

Эгц шулуун хад, эрсдэл дагуулсан цасан нуранги... Үхэл амьдралын зааг, үнэнхүү чандын зориг тэмүүлэл...Тиймээ, энэ бол уулын спорт, эр зоригийн жинхэнэ талбар.

Энэ л өдрүүдэд монгол түмний бахархалт хүү, гавьяат тамирчин Готовдоржийн Өсөхбаяр маань дэлхийн ноён оргилуудын нэг К2 ууланд авиралт хийхээр замдаа гараад байна.

Бөмбөрцгийн уулчдын "Мөрөөдлийн оргил" хэмээгдэх энэхүү хайрхан нь Пакистан, БНХАУ-ын хилийн заагт оршдог байна. Баруун, зүүн, урд хэсэг нь Пакистан улсын нутагт хамрагддаг бол, хойд нүүр нь хятадын нутаг дэвсгэрт харьяалагддаг аж. 

К2 оргил 8611 метр өндөр. Гагцхүү "Алуурчин уул" гэдгээрээ алдартай. Дэлхийн аварга 14 оргилыг хооронд нь харьцуулсан судалгаагаар аюултай догшноороо К2 Аннапурна уулын дараа 2-р байранд явж байна. Тус ноён оргилд 1990 оныг хүртэл авиралт хийсэн нийт уулчдын 66 хувь нь амь насаа алдаж байсан байна. Өөрөөр хэлбэл, хамгийн эрсдэлтэй, аюултай, үхэл дагуулах үзүүлэлтээрээ Нанга парбат, Аннапурна нарын араас 3-р байранд бичигддэг аж. 1986 онд 13 уулчин тэнд үүрд үлдсэн. 2008 онд 11 уулчин эргэж ирээгүй гэх мэтээр К2 хэмээх нэрийн араас уулчдын үхэл сүүдэр мэт дагаж явна. Эдгээр уулчдын үхэл түүнийг улам догшин, улам өндөр болгосон юм. Иймээс дэлхийн уулчид К2-ыг "Ааш муутай" уул хэмээн нэрийдэх аж. Хамгийн цөөхөн хүн оргилд нь хүрсэн дарааллаараа К2 оргил 4-р байранд жагсаж байна. Эверестийн оргилд гарч, жинхэнэ уулчдын эрэмбэд хүрсэн ямар ч уулчин К2-ыг зүүдэлж эхэлдэг “бичигдээгүй хууль” уулчдын дунд буй. К2 өндрөөрөө Эверестийн дор бичигдэх ч оргилд хүрэх замын бартаа, саад хамаагүй хүнд.  Гэвч хүнд хэцүү, харгис догшин гэдгийг нь мэдэх тусам хүн төрөлхтөн К2-ыг зорьсоор л... Хэдий олон аймшигт түүх, хүн байгалийн тэмцлийн гэрч болж ирсэн ч сүр хүчит К2 бол мэргэжлийн уулчдын мөрөөдлийн оргил юм. 

Түүхийн товчоон:

-K2 ууланд авирах анхны оролдлогыг 1902 онд Их Британийн уулчин Aleister Crowley, Oscar Eckenstein нар хийжээ. Тэд 68 өдөр буюу хоёр сар гаруйн хугацаанд таван удаагийн дайралт хийж, 6525 метрт хүртэл очиж чаджээ. Тэдний туулсан 68 хоногт зөвхөн найман өдөр нь л тэнгэр цэлмэг байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

-Харин К2-ын оргилд хүрсэн анхны хүмүүс Италийн уулчин Achille Compagnoni, Lino Lacedelli нар юм. Тэд 1954 оны долдугаар сарын 31-нд “алуурчин” уулыг анх удаа ялжээ. Гэвч тэдний авиралтаас хойш К2 бүхэл бүтэн 23 жил оргилдоо дахин хүн хүргээгүй юм.

-Олон уулчдын зориг зүрх мохмоор он жилүүдийн дараа 1977 онд Японы уулчин Ichiro Yoshizawa К2-ыг эзэлсэн.

“Алуурчин” оргилд хоёр дахь авиралтаа амжилттай дуусгасан анхны уулчин Чехийн Josef Rakoncaj. Түүний хоёр дахь авиралт 1986 оны долдугаар сард тохиосон юм.

-К2-ын оргилд хүрсэн хамгийн өндөр настай уулчин Испанийн иргэн Carlos Soria Fontn. Тэрээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээж байжээ. 

К2-ын онцлог:

- К2 хайрханы хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь салхи юм. Уул бүхэн өөрийн гэсэн уур амьсгалтай, шинж чанартай байдгийг бид мэднэ. Дэлхийн шилдэг уулчид К2-ыг нэлээд "ааш муутай" гэж томьёолдог. 
- Үндсэн отогтой харьцангуй өндөр авалт нь ойролцоогоор 4100 метр байдаг. 
- Цасны нуралтын бүх төрөл энэ хайрханд тохиолдоно.
- Одоогоор дэлхийн хамгийн өндөр 14 оргилоос ганц К2 дээр л өвлийн улиралд хүн гарч чадаагүй байна. 

-"Эверестэд гарсан уулчин мундаг. К2-ын оргилыг эзэлсэн бол бүр илүү мундаг" гэсэн теором уулчдын дунд буй. Зэрэглэл өндөртэй, шилдэг уулчид зэрэг зиндаагаа К2-оор хэмжиж байна. 

"Ааш муутай"-гаараа алдаршаад зогсохгүй "Алуурчин" хэмээх тодотголтой К2 хэмээх уулын талаар товчхон өгүүлэхэд ийм байна. Дэлхийн шилдэг уулчдын чадал чансаа хийгээд зэрэг зиндааг тодорхойлогч К2 хэмээх энэхүү хайрханы ноён оргилд Монгол төрийнхөө далбааг мандуулж, монгол хүний мөрийг тамгалах том зорилго өвөртлөн яваа Г.Өсөхбаяр гавъяатдаа амжилт хүсье. Тэрбээр өнөөдөр Пакистаны нийслэл Исламабадад очсон бөгөөд тэндээсээ К2-ын дэргэдэх Сакарду хэмээх тосгон руу хөдлөх гэж буй мэдээллээ бидэнд хүргүүлсэн юм. Гавъяат маань тус тосгонд бэлтгэлээ бүрэн базаагаад нөгөөдөр буюу 2017 оны зургаадугаар сарын 19-ний өдөр дэлхийн ноён оргилын нэг К2 уул руу авиралтаа эхлэх гэнэ.

Арга ухаан, авъяас билиг, хүч чадал, хүсэл тэмүүллээрээ "Ааш муутай" уулын аргыг нь олоод К2-ын оргилд хүрээрэй, Гавьяат аа. Заяа буянаа ууландаа даатган залбирдаг тэнгэрлэг Монголын зон олон тань таны замд сүүн цагаан дээжээ өргөөд үлдлээ...

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN 


 


Top