Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчилнэ

2017 оны 10 сарын 26

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Синохайдро Лимитед корпорейшн" компанийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус компани Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх юм байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хороо, Налайх дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах авто зам нь Улаанбаатар хотын алслагдсан Налайх, Багануур, Багахангай  дүүрэг, Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлал, амралтын газруудтай нийслэлийг холбохоос гадна Монгол Улсын зүүн болон өмнө бүс, олон улсын АН-3 чиглэлийн авто замуудтай холбодог улсын чанартай гол зам юм.

Налайхын авто зам нь 50 гаруй жилийн өмнө БНМАУ болон БНХАУ-ын засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд барьж ашиглалтад оруулж байжээ.  Одоо энэ зам, ачааллаа даахгүйд хүрснээс гадна бүтцийн хувьд эвдрэлд орсон, замын  хөдөлгөөний ачаалал болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ.  

Улс, нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх ажлын хүрээнд,  тус авто замыг өргөтгөн, шинэчилснээр замын хөдөлгөөний түгжрэлийг багасгаж, аюулгүй байдлыг сайжруулахын зэрэгцээ гадаад, дотоодын тээвэр ложистикийг сайжруулах, аялал жуулчлалыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах чухал ач холбогдолтой авто зам болох юм. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр, 4 эгнээ бүхий зорчих хэсэг, гэрэлтүүлэг, явган болон дугуйн зам, явган хүний гүүрэн гарц бүхий байгууламж баригдана. 

2020 онд хэрэгжиж дуусах,  Налайхын авто замыг шинэчлэх төслийн хүрээнд хийгдэх ёстой бэлтгэл ажлууд бүрэн хийгдээд байна. НИТХ-ын дарга С.Амарсайхан,  нийслэл хотын нийгэм,  эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах,  бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахаа мэдэгдээд байгаа билээ.  Тэрбээр төвийн бүсийг зүүн бүстэй холбох, ачаалал ихтэй, энэ замын бүтээн байгуулалтын ажлыг эхлэхдээ тооцоо судалгааг бодитой хийж, ажлын нарийвчилсан хуваарийн дагуу, чанартай үр дүнтэй хийж гүйцэтгэх үүрэг өглөө гэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хэвлэлийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(103.57.95.118) 2017 оны 10 сарын 27

Энэ баагий ингэж гадны хүн хүлэж авч хамтын ажилгаа ярих эрх дарх байдаг юм уу, хжрлынхаа даргыг хийхгүй юугаа хийж ийм юм хийдэг байнаа улсад ажлаагүй хүүхэлдээнүүд ажлаа мэдэхгүй байна

0  |  0
Top