Канад улсаас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав

2017 оны 11 сарын 08

Гадаад харилцааны  сайд Д.Цогтбаатар 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзав. 

Сайд Д.Цогтбаатар Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн, манай хоёр орон эдийн засгийн харилцаагаа хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэхийн чухлыг онцлов. Тэрээр мөн дэлхийн томоохон зах зээлийн хажууд байрлах Канад Улсын эдийн засаг, гадаад худалдааны бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх туршлагаас манай улс суралцах зүйлс их байгаа тухай дурдав.

Элчин сайд Дэвид Спрул Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны харилцаанд улс төр, эдийн засгаас гадна батлан хамгаалах салбарын харилцаа чухал ач холбогдолтойг онцлон, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Канадын Засгийн газрын Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгааг онцлон тэмдэглэв.   

2018 онд Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жлийн ой болно.  

Ноён Дэвид Спрул өмнө нь Бангладеш, Афганистан, Тайланд, Норвеги, Ливи улсуудад Канад Улсын  Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Тэрээр улс төрч, хуульч мэргэжилтэй.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top