Унгар Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзлаа

2017 оны 11 сарын 08

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михай Галошфайг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Унгар Улстай хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохирсон Биокомбинат ТӨҮГ-ыг өргөтгөх ажилд манай Засгийн газрын зүгээс анхаарал тавин ажиллаж байгааг дурдаж, энэхүү төслийг амжилттай эхлүүлэх нь хоёр талын эдийн засгийн харилцаа, тэр дундаа хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны суурийг тавих, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг татах ач холбогдолтойг онцлов. Мөн Монгол Улс Унгар Улстай хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллаж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ зах зээл болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу Японы зах зээлд нийлүүлэх бүрэн боломж байгааг онцолж, энэ чиглэлийн санал, санаачлагыг дэмжиж ажиллахаа сайд Д.Цогтбаатар илэрхийлэв.

Унгар Улсын Элчин сайд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа Биокомбинат ТӨҮГ-ыг өргөтгөх ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр манай холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг тэмдэглэв. Биокомбинат ТӨҮГ-ыг өргөтгөх ажлын асуудлаар Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны зээл, тусламжийн асуудал хариуцсан төлөөлөгч, мал эмнэлгийн мэргэжилтэн нар Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 20-22-ны өдөр ажиллах юм.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Унгарын Парламентын бүлгийн дарга Ж.Батзандан оролцов.

ЕВРОПЫН ГАЗАР
2017 оны 11 дүгээр сарын 7

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top