Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Даниэла Гашпариковаг өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун, Д.Мөнхжаргал, Л.Нарантуяа, Ц.Байгальмаа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба нар байлцлаа.
Хатагтай Даниэла Гашпарикова : "Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эхлэл тавигдсан. Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өнөөдөр тогтвортой үйл ажиллагаага явуулдаг байгууллага болж, ардчиллын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэгтэй маргах аргагүй. Гэвч орон нутгийн иргэдийн төлөөлийг жинхэнэ утгаар нь хангасан, тэдний өмнө хариуцлага хүлээдэг байгууллага болж төлөвших зорилт бүрэн хэрэгжээгүй байна.
НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийг УИХ-ын Тамгын газартай хамтран 2017 оны 1 сараас 2020 оны 12-р сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн болон институцийн харилцан уялдаатай асуудлууд, ИТХ-ын зохион байгуулалтын болон төлөөлөгчдийн чадавхийг нэмэгдүүлэх, иргэд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж олгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хуулийг иргэдэд сурталчлахад ИТХ-ын байгууллагын дэмжлэгийг дайчлан УИХ-д туслалцаа үзүүлэхэд чиглэж байгааг дурьдав. Төслийн хувьд 21 аймаг, сум дүүрэг, хотын ИТХ-ыг түшиглэн ажилладаг. Уг төслийн нэг бол чухал чиглэл нь ИТХ-ын төлөөлөгчдийг сургаж чадавхижуулах явдал байдаг. 2017 оны хувьд сонгуулийн дараах жил байсан учир бид багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг Улаанбаатар хотноо сургалтанд хамруулсан гэлээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан "НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр болон Швейцарийн хөгжлийн агентлагаас нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжилд анхааран ажиллаж, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье. Монгол улсад ажиллаж байгаа 8000 гаруй ИТХ-ын төлөөлөгчдийн идэвх оролцоог илүү сайжруулах чиглэлд энэ төслийн гол утга агуулга оршиж байга ань сайшаалтай хэрэг юм. НИТХ, Хурлын төлөөлөгчид энэ төсөлд ач холбогдол өгч, анхааралтай оролцох бодолтой байгаа. Бидний зүгээс төсөлд нээлттэй оролцох, цаашдаа хурлын ажлын алба, НИТХ-ын төлөөлөгчидтэй хэрхэн хамтран ажиллах чиглэлээр санал бодлогоо солилцоод, нэгдсэн шийдэлд хүрээд хамтраад ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэв.
НИТХ-ын тэргүүлэгч, нийгмийн хөгжлийн бодлогын хорооны дарга С.Мөнхчулуун: "НИТХ-ыг чадавхижуулахад чиглэсэн төслийг хэрэгжүүлж байгаад баяртай байна, төслийн талаарх мэдээлэл НИТХ-ын төлөөлөгчидөд бага байгааг цаашид анхаарна биз. Монгол улсын хувьд ИТХ-ын сонгууль 4 жилд нэг удаа болдогтой холбоотойгоор бүх шатны сонгуулийн иргэдийн төлөөлөгчид солигдож байдаг. Иймээс ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулахаас илүүтэй ИТХ-ын ажлын албаны төрийн албан хаагчдийг чадавхижуулах, сургалтанд нь хамруулах нь илүү үр дүнтэй байж болох юм" гэсэн саналыг дэвшүүлсэнд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Даниэла Гашпарикова түүнд хандан "Үнэ цэнтэй чухал санал дэвшүүлсэнд талархаж байгаага дурьдаад, таны энэ саналыг төслийн багийнханд албан ёсоор танилцуулна" гэлээ.
Уулзалтад оролцогчид төслийг НИТХ-ын үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлэх, хэлэлцүүлэг явуулах, сургалт семинарын байнгын механизмыг Удирдлагын академитэй хамтран хэрхэн бий болгох гэх зэрэг сэдвээр харилцан яриа өрнүүлснээр уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )