УИХ-ын байнгын хорооны ажлын хэсгийнхэн нийслэлд ажиллаж байна

2018 оны 01 сарын 13

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны “Агаарын бохирдлыг бууруулах” дэд ажлын хэсгүүд өнөөдөр агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд ажиллаж байна.  Ажлын хэсгийнхэн НЗДТГ-ын хурлын зааланд цугларч, агаарын бохирдол ихтэй дүүргүүдийн товч танилцуулга болон гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд төвүүдийн ажлын цаг үеийн мэдээллийг сонсч, тулгамдаж буй асуудалтай танилцсан юм.

Эхний ажлын хэсгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир ахалж байгаа юм. Түүний ахалсан ажлын хэсэг Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллана. Тэрбээр “Гэр хорооллын өрхүүдийн гаргаж буй утаа нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж байна. Тиймээс  утааны эх үүсвэрийг бууруулах чиглэлд гол ажлаа төвлөрүүлэх ёстой. Зуух, түлш ярихаар хүмүүс хэт улс төржүүлдэг. Бид улс төржиж, бүх иргэдээ орон сууцанд оруулах талаар ярьж болно. Гэхдээ бидэнд бодит шийдэл, үр дүн хэрэгтэй. Үүнийг шийдвэрлэх богино хугацааны ажил бол сайжруулсан зуух, түлшний асуудал. Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулахад хамгийн их нөлөө үзүүлэх, олон улсын хийгээд дотоодын стандарт, шаардлагад нийцсэн зуух үйлдвэрлэгч компаниудыг шалгаруулж, УИХ-д танилцуулах хэрэгтэй. Мөн сайжруулсан түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг ч шалгаруул. Цаашдаа шинэ сууршлийн бүс бий болгох, орон сууцжуулах ажлаа зохион байгуулна” гэлээ.

Ажлын хэсгийнхэн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүтээгдэхүүн, 100 кВт-с дээш хүчин чадалтай уурын зуух ашиглагч байгууллага, Амгалан дулааны станцын үйл ажиллагаатай танилцана. Мөн өөрийн хөрөнгөөр дулаалга, цахилгаан халаагуурын төслийг хэрэгжүүлсэн Баянзүрх дүүргийн иргэн н.Хаш-Эрдэнийд зочилох юм.

Хоёр дахь ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллана. Тэд агаарын чанарын хэмжигч суурин харуулын үйл ажиллагаа, “Яндангүй байшин” төслийн хэрэгжилт, их хэмжээгээр утаа, агаарын бохирдол үүсгэдэг уурын зуухаар ажиллаж буй нэгжийг хааж, буулгах ажлын явцтай танилцахаас гадна төвлөрсөн дулаан хангамжид холбох шаардлагатай ерөнхий боловсролын сургууль дээр очих юм.  

 

Ажлын хэсгүүдэд БОАЖЯ, ЭМЯ, ЭХЯ, НЗДТГ-ын төлөөлөл багтсан бөгөөд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санал санаачилга гаргах, одоо хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг тодорхойлох зорилготой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.27) 2018 оны 01 сарын 14

За боль доо хичнээн жил танилцаж судлалаа даа тэгж тэгж баахан Зуух тарааагаад л эхэлдэг биз дээ, Зуухнаас цаашихыг Харж Бодож Сэтгээч ээ МАН-ынхаа

0  |  0
Top