Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Санзайгалсангийн Ууганбаярын "Шалтгаан" шүлгийг сонордуулъя.
Шалтгаан
Он цаг явж өнгөрсөн харгуй дээр
Оддын зоргодос хөглөрч шаргал шаргал өвс болно
Олон адуу дэргэж өнгөрсөн жим дээр
Орчлонгийн зүүд тайлагдаж цэнхэр цэнхэр гэрэл болно
Цаг хугацаа явж өнгөрсөн замаар
Цасан бургидас шуурч цагаан цагаан хад болно
Цагаан зээр цахилж өнгөрсөн жимээр
Цахиур чулуу хөглөрч хөх хөх гал болно
Үүлсийн цуваа галбирдаж өнгөрсөн талд
Борооны амьсгал дэлгэрч өнгө өнгийн цэцэг болно
Үнэн худал харшиж өнгөрсөн амьдралд
Үлгэр жаргааж цагаан бараан намтар болно
Наран саран зөрөлдөж одсон нутагт
Насны тоо нэгээр нэмж ухаан болно
Үхэл амьдрал тэмцэлдэж өнгөрсөн зам дээр
Үйлийн үр хөглөрч хүн сүрэг болно.
Шалтгаан
Өвс шаргалтан өндөлзсөн энэ талд
Өндөг цайрах нь тэнгэрийн шалтгаан
Өргөн талын бор гэрт
Өлгийтэй хүү үнэгчлэх нь хүний орчлонгийн шалтгаан
Өчигдрийн наран өнөөдөр ахиад мандахгүй ч
Өглөө бүхэн шинээр ургах нь ертөнцийн шалтгаан
Өвгөн сарны дор он цаг эргэх шиг
Өнчин ботгоны буйлаан амьдын шалтгаан
Өвгөд нь завилаатайгаа бурхан болж
Өр зүрхнээ нэгэн утас тасрах нь амирлангуй шалтгаан
Өндөр тэнгэрийн үүлс газарт унаад
Өргөн талын элгэнд нуур болох нь хурмастын шалтгаан
Намраас өвөл рүү очиж яваа
Нулимсан хяруутай нүүдлийн замд
Айсуй хаврыг шиншлэн шогших
Асар басар нь амьтны шалтгаан
Зэлүүдхэн тал уудам хөндийд
Зээрийн жим дагасан анчин
Зэвэргэн салхинд жиндэх нь нүглийн шалтгаан
Бурхадын залбирсан сэтгэлийн замаар
Бодол сандаан хүн ирэх нь буяны шалтгаан
Эргэх цагийн тэнхлэг дагаж
Энэ ертөнц өтлөх нь аугаа ихийн шалтгаан
Сэтгэгдэл ( 7 )
С. Ууганбаяр ахдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье
Mundag awyaastai bgan shuu. Uran ugsiin buteegchiddee Uhaanii dalaig husnem
Vnen shvv saihan shvleg gan vzegnì vzvvr ulam hurts baig
сайхан бичнэ шүү
Сайхан шүлэг байнаа ахааа
Saihan nairag bn yaruu nairagchid uran buteeliin olz omog yeruuy
Уран бүтээлч залууд амжилт хүсье. Монгол ахуйтай сайхан найрагч гэж хүндэтгэж явдаг шүү