Д.Хаянхярваа: ”Эрдэнэт”-ийн асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгаж асуудлыг нэг талд нь гаргах ёстой

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 05

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас дараах тодруулгыг авлаа.

-УИХ-ын хаврын чуулган  жагсаал цуглаантай зэрэгцэн эхэллээ.  УИХ-ыг муу ажиллалаа гэж үзэн  тарахыг шаардан жагсаж байна. Та УИХ-ын гишүүний хувьд энэхүү  жагсаалын шаардлагыг хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн үед улс  төрийн намуудын нэр хүнд их унаж байна. Үүнтэй холбогдуулан иргэд янз бүрийн байдлаар санал бодлоо илэрхийлж байна. Мэдээж үзэл бодлоо илэрхийлэх эрх нь чөлөөтэй байгаа. УИХ-ын хувьд өнөөдөр хангалтгүй муу ажиллаад, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болчихсон хэмжээнд хүрээгүй гэж ойлгож байна. Төрийн ажил хэвийн үргэлжилж байна. Мэдээж засч залруулах асуудал бий юу гэвэл бий. Ялангуяа УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлага, сахилга батын асуудалд анхаарлаа хандуулж ажиллах шаардлага байгаа.

-УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл багтаж байгаа. Энэ асуудлыг  бүлгийн хурлаар хэзээ  авч хэлэлцэх вэ?

-Бүлгийн хурлаар ойрын үед авч хэлэлцэнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл  ес, аравдугаар сарын дундуур ард нийтийн  дунд санал асуулга явуулах чиглэлээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг бэлдэж байгаа.

-Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү өнөөдөр Стандарт банкны зээлийн асуудлаар захидал бичсэн байна. "Эрдэнэт" үйлдвэр давж заалдах боломжгүй гэсэн асуудлыг захидалдаа хөндсөн байсан. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлнэ үү?

-Тодорхой хэлэх хариулт алга. Хууль хяналтын байгууллага нь шалгаж асуудлыг нэг талд нь гаргах ёстой.

-УИХ-ын гишүүн Д.Гантулга  өмнө нь бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулъя гэж бүлэг дээрээ ярьж, санал тавьж байсан гэдэг нь үнэн үү?

-Өмнө нь ийм асуудал яригдаагүй. Маргааш бүлгээр авч хэлэлцэнэ.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top