Налайх дүүргийн засаг даргын нэрэмжит сорилго шалгалт эхэллээ

2018 оны 04 сарын 25

Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит "Цахим сорилго-2018" элсэлтийн ерөнхий шалгалтын урьдчилсан сорилго шалгалтын нээлт өчигдөр Эрдмийн оргил цогцолбор сургуульд боллоо.

Сорилго шалгалтын нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, төгсөх ангийн сурагчдад амжилт хүссэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ: "Эрдмийн ширээний ард суугаа та бүхнийг харахад хүүхэд нас маань санаанд бууж байна. Энэ жил 370 гаруй хүүхэд 12 дугаар ангиа төгсөнө. Энэ шалгалтыг өнгөрсөн жилээс ЕБС-ийн багш нартайгаа хамтран зохион байгуулж ирсэн. Та бүхэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох бэлтгэл хангах, сургалтын чанарыг дээшлүүлэх л гол зорилготой шалгалт юм. Сурсан мэдсэнээ эцэг эх, багш нарынхаа өмнө батлан харуулж, хүссэн зорьсон мэргэжлээ эзэмшин, дүүргийнхээ нэр хүндийг өндөрт гаргасан мэргэжилтнүүд болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ амжилт хүсье" гэв. 

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 3.5 сая төгрөгний үнэ бүхий шалгалтын материал засах тестийн машиныг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргалд гардуулан өглөө. Энэ тестийн машин нь 1 цагт 1200 тест шалгах хүчин чадалтай бөгөөд багшийн хөдөлмөр хөнгөвчлөх, хугацаа алдахгүй байх зэрэг чухал ач холбогдолтой юм. 
Энэхүү урьдчилсан сорилго шалгалтын дүнг автомат дүн засагч машинаар засах юм байна. Шалгалт 4 өдөр үргэлжлэх бөгөөд нийтдээ 11 хичээлээр сурагчдын ЭЕШ-ын бэлтгэлийг шалгах юм. 

Дашрамд дурдахад өнгөрсөн онд дүүрэгтээ анх удаа "Налайхын боловсрол-2020" дэд хөтөлбөрийг боловсруулан баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын удирдлагуудтай Засаг дарга үзэглэсэн үр дүнгийн гэрээнд сургалтын чанарыг ахиулж ажиллахыг тусгасан байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top