Анх 1934 оны үед нутгийн ажигч гярхай малчид Таван толгойн нүүрсийг анх илрүүлж түлшиндээ хэрэглэж эхэлсэн гэнэ. Энэ орд хуучин Түшээт хан аймгийн Говь түшээ гүнгийн хошууны Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд талд таван жижиг толгойн хэлбэртэй байсан учир нутгийн иргэд Таван толгой хэмээн нэрлэжээ. Дараа нь 1936 оноос сум, аймгийн хамгаалалтад авч, гар аргаар түлшинд хэрэглэж ирсэн аж. Үүнээс дөрвөн жилийн дараа Цогтцэций сумын үйлдвэр хоршооллын артельд Таван толгойн чулуун нүүрсийг олборлох, борлуулах эрхийг өгчээ. Анхны борлуулалт аймгийн төвөөс эхэлсэн байна. Ингээд 1966 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 124 дүгээр тогтоолоор тус орд газрыг улсын болгожээ. Тэд эхний ээлжинд 3000 тонн нүүрс гаргах улсын төлөвлөгөөг хүлээн авах үед нийт 15 ажилтантай байсан бөгөөд эхний жил 4300 тонн нүүрс гаргаж, 1500 ам метр хөрс хуулжээ. Мөн 1978-1980 онд уулын үндсэн тоног төхөөрөмжүүд шинэчилсэн аж.Техникээ шинэчилснээр жилд 120 мянган тонн нүүрс олборлон борлуулах чадалтай болжээ. 1990 оноос Хөтлийн цемент шохойн үйлдвэр, Улаанбаатар хотын гуравдугаар цахилгаан станц энэ ордын бүтээгдэхүүнээр ажлаа үргэлжлүүлэх болов. 2004 оноос БНХАУ-д нүүрс экспортлох гэрээ хийжээ. Ингэснээр манай улсын нүүрс борлуулалтын хэмжээ эрс нэмэгдсэн аж. Ингээд анх удаа 2.8 сая тонн нүүрс олборлож, 2.9 сая ам метр хөрс хуулсан байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө "Таван Толгой" компани түүхэндээ анх удаа нэг сая тонн нүүрс экспортолжээ. МУ-ын иргэн бүр одоо Таван Толгойн хувьцааг эзэмшихээр болсон. Өнгөрсөн сарын байдлаар 25600 гаруй иргэн хувьцаа эзэмших дансаа нээлгэжээ.
М.Гэрэлгуа
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )