ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт ажиллаж байна

2018 оны 05 сарын 12

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй ЕТГ болон Засгийн газрын холбогдох яамд байгууллагууд, аж ахуйн  нэгжийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг 2018 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорноын бүс нутагт ажиллаж байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Владивосток хотноо ОХУ-ын Приморын хязгаарын Амбан захирагч А.В.Тарасенкотой уулзаж, Монгол, Оросын хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцов. Талууд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг олон салбарт гүнзгийрүүлэх боломж буйг тэмдэглэв.

Төлөөлөгчид мөн өдөр ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яам, Приморын хязгаарын Засгийн газрын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлууд, тухайлбал Монгол Улс транзит тээврийн зорилгоор ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудыг ашиглах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 5 дугаар сарын 11-ний өдөр тус бүс нутаг дахь “Восточный”, “Вера” зэрэг нүүрс тээврийн боомтуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцав.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top