“БУРУУ ЗАМААР” орж явахад нь улсын орлого болгосон 204 кг АЛТ бий...

2018 оны 09 сарын 15

Монголбанк энэ оны эцэс гэхэд 22 тонн алт худалдан авах хүлээлттэй байна. Наймдугаар сарын байдлаар 12.2 тонн алт төв банкны нөөцөд “бүртгэгдсэн”. Тэгвэл  энэ хэмжээний алтны 65 хувийг иргэдээс, үлдсэн хувийг компаниудаас худалдан авчээ.  Өнгөрсөн жил энэ үзүүлэлт  иргэд 63 хувь, компани 37 хувь гэсэн харьцаатай байсан бол 2016 онд иргэд 60 хувь, компани 40 хувь гэсэн харьцаатай байж. Тэгэхээр төв банкны алтны нөөцийг бүрдүүлэх жин дарах үүрэг хэний нуруун дээр тэгнээд байна вэ гэдэг асуудлыг хөндөхтэй зэрэгцэн бичил уурхайн салбарын талаар зайлшүй ярих ёстой юм.

УУХҮЯ-наас бичил уурхайн салбарт баримтлаж буй бодлого, хууль эрхзүй,  Монгол Улсын алтны нийлүүлэлтийн сүлжээ, Алтны нийлүүлэлт дээр Монголбанкны баримтлаж буй бодлого зэрэг асуудлуудаар холбогдох мэргэжилтнүүд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубынхэнд сургалт явууллаа. Энэ үеэр салбарын талаарх сүүлийн үеийн мэдээллүүд хийгээд тулгамдаад буй асуудал шийдвэрлэх боломжууд юу байж болох талаар сэтгүүлчидтэй ярилцав.

Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл манай улсад хэрэгжиж, бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд ээлтэй бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллаж ирсэн байдаг. Орон нутгийн хөгжил гундуухан байж ирсэн өнгөрсөн жилүүдэд бичил уурхайн салбар иргэдийн амь амьжиргаагаа залгуулах үүсвэр болсоор байгаа. Арванзургаан оны бүртгэгдсэн тоогоор 11 962 иргэн бичил уурхайн үйл ажиллагаанд оролцож байна гэсэн ч, нийт дүнгээрээ 60 гаруй мянган иргэн болон тэдний гэр бүлийн орлого, амьдралын нөхцөл бичил уурхайн салбараас хамаарч байсан гэсэн мэдээллийг Тогтвортой бичил уурхай төслөөс өгч байна.

Нэгэнтээ бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрлөх орчин, нөхцлийг эрхзүйн хүрээнд бүрдүүлэх шаардлага төрд тулгарсан учраас УИХ-аас 2010 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар Засгийн газрын тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг батласнаар бичил уурхайн эрхзүйн орчин бүрдсэн байдаг. Гэхдээ ЖУРАМ-ын хэрэгжилт бодитой үр дүнд хүрэхгүй байна гэдгийг УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Б.Хулан хэлж байна. Бичил уурхайн салбарыг зохицуулах ёстой журам хэрэгжихгүй байгаа шалтгаан нь орон нутгийн удирдлага, засаг даргын зүгээс хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Түүнээс хяналтын талаар тодруулсан юм.

-Бичил уурхайн салбарт зохицуулалт хийсэн журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй нэг тал болох орон нутгийн удирдлагын түвшинд хариуцлага алдагдаж буй нь үр дүнд сөрөг нөлөөлж байгаа гэж байна. Тэгвэл хяналтыг сайжруулахын тулд өөр ямар арга хэмжээнүүд авч болох вэ?

-Хяналт шалгалтын ажил үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллага хангаж ажиллана гээд заачихсан. Яамны зүгээс бол бичил уурхай эрхлэж буй тухайн газар нь очоод, үйл ажиллагааг нь хянаад, зогсоох эрх байдаггүй. Хяналтыг орон нутгийн мэргэжлийн байгууллага хариуцаж ажилладаг зохицуулалттай. Уул уурхайн үйл ажиллагаа гэдэг бол уурхайн бэлтгэл ажил эхлүүлэх, нээлт, олборлолт, ашиглалт,  хаалт,  нөхөн сэргээлт,  хаалтын дараах мониторинг гэхчлэн цогцоороо нийлж бий болдог. Мөрдөгдөж буй эрхзүйн орчны хүрээнд УУХҮЯ, АМГТГ нь үйл ажиллагааг эхлүүлэх хүртэл нь зохицуулагчаар оролцоод, үйл ажиллагааны дараа дараагийн асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллага хариуцаад явчихдаг. Үүн дээр төрийн байгууллагуудын уялдаа холбооны асуудал яригдана л даа. Хяналт нь нэг газраа байгаад, цогцоор нь аваад үзвэл үр дүнтэй ч юм уу гэж харагддаг. Гэхдээ ингэхийн тулд  олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар шийдэгдэх юм.

Алтны худалдан авалтад хууль эрхзүйн орчин нөлөөлж байгаа

Монголбанк бол ямар ч байсан алтны худалдан авалтаа нэмэгдүүлэх бодлогыг эхэнд тавьж буй аж. Тиймээс  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийн татварын хүчинтэй хугацааг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусгаад цэг тавьчихалгүй, 2024 он хүртэл 5 жилээр сунгах нь зөв гэсэн саналаа яам руу хүргүүлсэн аж. Алтны салбарыг төрийн зүгээс ингэж дэмжиж буй ч, албан ёсны бүртгэлтэй, хариуцлага хүлээсэн компаниудын зүгээс алт тушаалт дорвитой нэмэгдэхгүй байгаа нь бас үнэн. Компаниудын улсад төлөх татварын хэмжээ ч арвандөрвөн оноос хойш буурсан үзүүлэлттэй байна. Тэгэхээр төр нэгэнтээ нөөц ашигласны татвараа бага хэмжээнд барих бодлогоо дахиад сунгах бол өөрийн нэрээр бус иргэдээр халхавчлан алтаа тушаадаг байдлыг багасгах тал дээр ажиллах шаардлага байна. Тэгвэл энэ талаар болон алт тушаалтад нөлөөлж ирсэн хүчин зүйлсийн тухай Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүх дараах байр суурийг илэрхийлж байна.

-Монголбанкны хувьд бол алтны худалдан авалтаа л нэмэх гол зорилготой.Тиймээс 2.5 хувийн татварыг хэвээр үлдээе гэсэн. Хэрэв АМНАТ-ыг 5 хувь ч юм уу болгоод өшөө нэмчихвэл аж ахуйн нэгжийн, иргэдийн ч алт тушаалт багасчих вий гэж харж байна.  Сангийн яам,  УУХҮЯ  шийдэх хэрэгтэй л байх л даа. Хуулиа хэчнээн чангатгасан ч  аж ахуйн нэгжүүд гарц олоод, яаж ийж байгаад хуулийн цоорхой ашиглахыг үгүйсгэхгүй. Компаниуд бага л татвар төлөхийг бодно.

Манай улсад алтны худалдан авалтад нөлөөлж байгаа зүйл бол хууль эрхзүйн орчин. 68 хувийн татвар, АМНАТ-ыг нэмсэн явдал, Урт нэртэй хууль,  алтны олборлолтын хэмжээ зэрэг нь алтны тушаалтад нөлөөлж ирсэн.  Алтны ханшаас илүү хууль эрхзүйн орчин нөлөөлж байгаа. 2005 онд Монголбанк 15 тонн алт худалдаж авсан бол  2010 онд 2.1 тонн болтлоо буурсан. Харин тэр үед алтны ханш өссөн байдаг. Алтны ханш өсөөд байхад Монголдоо тушаахгүй дандаа хууль бусаар гарчихсан л байгаа юм. Алтны үнэ богино хугацаанд, урт хугацаандаа хууль эрхзүйн орчин нөлөөлж байна.

Төрийн зүгээс алтны салбарт авч хэрэгжүүлж буй ажлуудаас дурдвал Баянхонгор, Дархан-Уул аймагт алтны сорьцын лаборатори байгуулах гэж байна. Ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлэх лаборатори нь алтны гарал үүслийг тодорхой болгоход, алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг буурахад нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзэж буй аж. Хууль бусаар алт хил давуулах хэрэг бүртгэгдсээр байгаа. Улсын орлого болоогүй хадгалагдаж буй 31 ширхэг буюу 25.3 кг алт бий  бол 2010 оноос хойш “буруу замаар” орж яваад улсын орлого болсон 204 кг  алт байгаа аж.

Алтны нийлүүлэлтийн сүлжээ бол зайлшгүй яригдах ёстой сэдэв. Манай тухайд алтны нийлүүлэлтийн сүлжээнд СУМЫН, АЙМГИЙН, НИЙСЛЭЛИЙН ЧЕНЖҮҮД гэх голлон тоглогчид олноороо бий. Алт Монголбанкинд хүрснээр нийлүүлэлтийн сүлжээ албаных болж ойлгогдох ёстой ч, компаниуд өөрсдийн нэр дээр тушаахаас зориудаар татгалздагийг умартаж болохгүй.

Зүй нь бол нийлүүлэлтийн сүлжээ бүхэлдээ албажсан, худалдан авалт хуулийн хүрээнд хийгддэг, татварын нэгдсэн тогтолцоо бүрсэн байх зэрэг нь гол асуудал аж. Бичил уурхайчдын олборлосон алтны нэг хэсэг нь сум, аймгийн ченжүүдийн гарыг дамжин Монголбанкинд ирдэг бол нөгөө хэсэг нь хууль бус худалдаачдаар дамжиж байна хэмээн Тогтвортой бичил уурхай төслийн эксперт Н.Уранчимэг хэлж байсан. Алт худалдаж авдаг ганцхан цэг нь Улаанбаатарт байгаа нь дундын ашиг ологчдыг төрүүлж ирснийг мөн хэллээ.

Э.Болорхажид

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тангад(59.153.112.251) 2018 оны 09 сарын 16

энэ тэхээр маш их алт манайд орохгүйгээр гадагшаа гарч байна гэсэн ил тод баримт байна ш дээ хөөрхий бичил уурхайчид жоохон олсоноо улсдаа тушааж байхад хүчит техникээр зодож тонн тонноор авч байгаа компаниуд ёстой тонноор нь гадагш гаргаж байгаа биш үү ёстой харсан хүн нулимс нь шархирахаар газрыг сэндчиж алтыг ёстой кг- кг-аар нь өдөрт олж байгаа компаниуд иймхэн тушаахаар яахав эд нар жоохоноор хилээр гаргана гэж байхгүй ш дээ гадагш экспортонд гаргаж байгаа бараан дотор гаргадаг биз хэрэв тодорхой хэмжээний алт тушаахгүй бол лицензын хурааж өөр амлалт өгсөн хүмүүст өгч ажиллуулаач

0  |  0
mongol(202.126.89.51) 2018 оны 09 сарын 15

Baruun solgoigui mungu tsatssan mongol dahi gadaadiin kompaniud irhed gaaliinhan nudee aniad l gargana. Uuniig medej yadaad baih yum baihgui

0  |  0
Тоо бодох(103.229.123.150) 2018 оны 09 сарын 15

204 тн алт гэж 4 ачааны вагон алт хураасан юм бол зарж эдэлж хэрэглэж өр зээлээ дарахгүй яах гэж хадгалаад бна вэ арай баримжаатай тоо тавьж байвал яасан юм бэ сэтгүүлчээ

0  |  0
56(66.181.189.67) 2018 оны 09 сарын 15

monku

0  |  0
sonor(202.9.41.178) 2018 оны 09 сарын 14

Ulsin nuuc geech yum bna u heden tn alt bh ni hend hamatai yum

0  |  0
Зочин(202.9.43.250) 2018 оны 09 сарын 14

Алтыг хил давуулахгүй байх бүрэн боломжтой. Харамсалтай нь манай гаалийнхан зориуд мэдэн будилж гаргаж байна. Металл илрүүлэгч ченж бүрд байхад гаальд түүнээс илүү мэдэрдэг багаж байдаг байх. Яагаад хилээр гараад байна , үүний цаана жинхэнэ НО байгаа шүү

0  |  0
ИРГЭН(202.179.25.33) 2018 оны 09 сарын 14

АЛТНЫ ТОМ ТОМ КОМПАНИУД БАЙХЫН ХЭРЭГГҮЙ ГЭДГИЙГ ТОО БАРИМТ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ТЭД ОЛСОН АЛТАА ХУУЛЬ БУСААР ГАДАГШАА ЗАРЖ БАЙГААГ ТӨР ХАРАХГҮЙ БАЙНА ГЭДЭГ БОЛ ӨӨРСДӨӨ ОРОЛЦОЖ ХУЛГАЙГААР ХИЛ ДАВУУЛЖ БАЙНА.

0  |  0
Top