ЭЕШ | Монгол хэл бичгийн шалгалтыг ХОЁР УДАА авна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар өнөөдөр /2019.02.14/ 09:00 цагаас албан ёсоор эхэллээ. Бүртгэлийн хугацаа 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж өнөөдөр /2019.02.14/ холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.

 


 

 

-Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчид юунд анхаарах ёстой вэ?

 

-Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсан дээр ЭЕШ зохион байгуулах журам тавигдсан байгаа.  Мөн өнөөдөр бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор долоо хоногийн хугацаанд Үнэлгээний төвийн ажилчид Улаанбаатар хотын болон орон нутгийн бүх сургуулиар очиж, сурагчдад холбогдох зөвлөгөө, мэдээллүүдийг газар дээр нь хүргэж эхлээд байна. Бүртгэл онлайн хэлбэрээр явагдаж байгаа учраас дэлхийн өнцөг булан бүр, Монголын аль ч орон нутгаас бүртгүүлэх боломж нээллтэй.

 

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол Улсын засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдах ёстой юм.

 

Монгол хэл бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна. Эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно. Монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах ба босго оноо нь 400 байхаар шинэчилсэн байгаа.

 

Монгол хэл бичгийн шалгалтыг шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны гуравдугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авах ёстойг анхааруулъя.

 

-Энэ жилийн хувьд шалгалт өгөх хүсэлтэй хүмүүс хэдэн хичээлээс сонголт хийх вэ. Өмнөх жилүүдийнхээс өөрчлөгдсөн үү?

 

-Хичээлийн хувьд өмнөхийн адил 10 хичээлээсээ сонголт хийнэ. Энэ жилийн нэг онцлог нь өнгөрсөн жил Оюутан элсүүлэх журам дээр өөрчлөлт орсны дагуу шалгуулагчид хамгийн багадаа хоёр хичээлийг сонгож, шалгалт өгдөг болсон байгаа. Өмнө нь нэг хичээл ч өгч болдог байсан. Тухайлбал, ямар нэг мэргэжлээр сурахын тулд хамгийн багадаа хоёр хичээлийг судалсан цагт мэргэжлийн хичээл судлах боломж нээгдэнэ. Шалгуулагчид хамгийн дээд тал нь 10 хичээлийг сонгон шалгалт өгөх боломжтой. Өмнөх жилүүдээс харахад, сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө багш болон эцэг, эхийн зөвлөснөөр цөөн хэдэн хичээлийн шалгалт өгөх тохиолдол элбэг байдаг. Тухайн хүүхэд хэдэн хичээлийн шалгалт өгөх нь хүүхдийн өөрийн сонголт гэдгийг бодож үзэх ёстой.

 

 


 

 

ШАЛГУУЛАГЧИД ОНЛАЙНААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ БҮРДҮҮЛНЭ

 

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Өнгөт цээж зураг файлаар /Цээж зураг 3x4 хэмжээтэй/
  • Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулах эрх бүхий байгууллагаас олгосон бичиг баримт
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.

 

ШАЛГУУЛАГЧИД ШАЛГАЛТ ӨГӨХӨӨР ИРЭХДЭЭ ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ

 

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2019 оны 6-р сарын 1-ээс хойш 16 насандл хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршиг сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэр(202.21.106.165) 2019 оны 02 сарын 14

Гадаадад суралцах хүүхдэд ямар хамаа байна.

0  |  0
Top