ЭЕШ: Анх удаа ШИЛЭН ТЕХНОЛОГИ нэвтрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Монгол Улсын хэмжээнд их дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар мэдлэгийн түвшин тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтыг өнөөдөр /2019.06.17/ 09:00 цагт орон даяар түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ. 

ЭЕШ-ын явцтай Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр болон албаны хүмүүс Нийслэлийн 23 дугаар дунд сургууль дээр очиж газар дээр нь танилцлаа. 

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 18130 шалгуулагч бүртгүүлсний 80.2 хувь нь энэ оны төгсөгч 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ жил анх удаагаа шууд засалтын технологи нэвтрүүлснээрээ онцлог болж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төсөл”-өөс шалгалтад шаардлагатай 50 ширхэг /скатрон/ засагч машиныг нийлүүлсэн юм. Ингэснээр жил бүрийн хавар ЭЕШ-тай холбоотой гардаг маргаан, эргэлзээ байхгүй болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Уг технологийг нэвтрүүлснээр орон даяар зохион байгуулагдаж буй ЭЕШ-ын дүнг нэг цагийн дотор шалгуулагчдын нүдэн дээр шалгагч машин дүгнэж, нэгэн зэрэг мэдээлэх боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь шалгалтын дүн, оноог 14 хоногийн дотор мэдээлдэг, шалгалтын материалын засалтын үйл ажиллагаа ил бус байснаас дүн оноондоо эргэлзэх, хардлага сэрдлэг гардаг байсан. Харин энэхүү шилэн технологи нэвтэрснээр багш нарын ачаалал эрс багасахаас гадна орон нутгаас шалгалт өгч байгаа хүмүүст санхүүгийн зардал гарахгүй зэрэг олон давуу талтай юм. 

Шалгалт орон нутагт 21, нийслэлд 11 нийт 32 төвд нэгэн зэрэг эхэлж, дуусна. 

Шалгуулагчид өөрийн анхны оноогоо мэдсэнээс хойш 24 цагийн дараа www.eec.mn цахим хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо мэдэх боломжтой. ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас өмнө дээрх сайтад бүрэн байршуулсан байх юм. Харин батламж хуудсыг 6 дугаар сарын 24-ний өдрөөс тараана. 

Улаанбаатар хотын энэ онд төгсөгчид төгссөн сургуулийн захиргаанаас шалгалтын батламж хуудсаа авна. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ- хариуцсан мэргэжилтнээс авах юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

 

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top