ЭЕШ | ШИЛЭН ТЕХНОЛОГИ шалгалтын хариуг НЭГ цагийн дотор гаргана

Б.Амирдаа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

Өнөөдрөөс /2019.02.14/ орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийсэн билээ. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын гол онцлог нь шинээр нэвтрүүлж буй шууд шалгах ШИЛЭН ТЕХНОЛОГИ. Тус технологийг энэ жилээс эхлэн шинээр нэвтрүүлж байгаа бөгөөд ингэснээр шалгалтын хариу ойролцоогоор нэг цагийн дотор гарах давуу талтай гэж албаныхан тайлбарлалаа.

 

Элсэлтийн ерөнхий шалгалтад нэвтрүүлж буй Шилэн технологийн талаар Боловсролын үнэлгээний төвийн  захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа. 

 


 

-Шалгалтын дүнг шуурхай засварлах шилэн технологи буюу шууд засах аргын хариуд эргэлзэх хүмүүс гарч магадгүй юм. Тиймээс та энэ тухайд нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?

 

-Шууд засалт нэвтэрч байгаатай холбоотойгоор шалгуулагч нь шалгалтаа өгсөн даруйдаа анхны оноогоо мэдэж авах боломжтой болно. Анхны оноо гэдэг нь тухайн хичээл дээр авах ёстой 100 онооноос хэдийг авсныг харуулах оноо. Улсын хэмжээнд шалгалтын дүнгийн нэгдсэн жагсаалт шалгалт явагдсанаас хойш 24 цагийн дараа гарна. Хичээл тус бүрээр нь жагсаалт гаргана.

 

Батламж хуудсыг 3 хоногийн дотор шалгуулагчдын гарт хүргэнэ. Монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нийт шалгуулагчид заавал өгөх ёстой. Босго оноо нь 400 байна. Гуравдугаар сарын 23-нд эхний шалгалтыг авна.

 

-Орон нутагт шилэн технологи нэвтрүүлэх бэлтгэл ажил хангалттай хэмжээнд хангагдсан уу?

 

-Өмнө нь шалгалт өгснөөс хойш 14 хоногийн дараа хариу гардаг байсан бол энэ жил бүх элсэгчид шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсныг дахин дахин онцолмоор байна. Шууд технологийн шилэн засалтын технологийг 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд бүгдэд нь нэвтрүүлэхээр бид ажиллаж байна. Ажил эрчимтэй явж байгаа. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Хэд хэдэн удаа туршилт хийсэн.

 

Урьдчилсан байдлаар энэ жил 20 мянга гаруй элсэгч бүртгүүлэх магадлалтай байгаа.  Шууд засалт хийгдэх процессыг энгийнээр тайлбарлая. Шалгалтын төв болгон дээр тусгайлан засалт хийх ангийг бэлтгэсэн байна. Тухайн ангид шалгуулагчид танхим танхимаараа дуудагдан, засалт хийж байгаа процессоо өөрийн хариултын хуудастайгаа ирж хараад, дараагийнхаа хичээлд орох боломжтой. Бидний урьдчилсан тооцоогоор ойролцоогоор нэг цагийн дотор шалгалтын дүн гарна.

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top