Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 10-20 хувийг авто тээврийн хэрэгсэл “үйлдвэрлэдэг” гэдгийг уншигч та мэдэх үү? Бохирдлын тодорхой хувийг эзэлж буй автомашины утаа халуун, дулааны улиралд ч буурдаггүй аж. Авто тээврийн хэрэгслээс гарч буй утаа нь их хэмжээний бохирдол, хүнд метал, хүрээлэн буй орчинд цацдаг. Эдгээр нь хүний алхааны түвшинд байх тул замаар алхаж буй хүмүүс, ялангуяа бага насны хүүхдэд сөргөөр нөлөөлдөг байна.
Монголчуудын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 5-10 жил болсон хуучин тээврийн хэрэгсэл оруулж ирдэг нь нүцгэн үнэн. Энэ нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол шалтгааны нэгд тооцогддог байна. Жишээ нь, хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 50 хувь нь зөвшөөрөх хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байдаг. Үүний дийлэнх нь буюу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг том оврын автобуснаас ялгардаг утаа агаарын бохирдлын суурь эх үүсвэр болдог ч бид энэ том асуудалд анхаарал хандуулалгүй, зөвхөн нүүрсний утааг ярьсаар иржээ.
Гэтэл авто тээврийн хэрэгслийн утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бензопирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг аж. Ялангуяа бензипирен нь олон цагирагт үнэрт нүүрс ус бөгөөд хүний генийг гэмтээж, хорт хавдар үүсгэдэг талст бодис юм.
Одоогоос таван жилийн өмнө Засгийн газраас хэрэгжүүлсэн Цэвэр агаар төслийн хүрээнд авто тээврийн хэрэгсэлд шингэрүүлсэн нефтийн хийн тоног төхөөрөмж суурилуулснаар автомашинаас ялгарч буй нүүрстөрөгчийн дан эслийн хэмжээг 80 гаруй хувиар буурна гэсэн судалгаа гаргаж байжээ. Харамсалтай нь, энэ судалгаа зөвхөн цаасан дээр үлдсэн! Гэтэл Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгсэл Европын стандартаас даруй 7-8 дахин их байгаа!
Авто тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа бидний үр хойчид аль хэдийн нөлөөлж эхэлсэн гэвэл та итгэх үү? Итгэх л хэрэгтэй болж. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар хүүхдийн цусны агууламжид хөрсний хар тугалга 27.5 хувиар нөлөөлж байгааг нэгэнт тогтоожээ. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд хар тугалгын агууламж 55.9 хувь, хөрсний хар тугалга 9.2 хувь, агаарын хар тугалга 4.8 хувиар нөлөөлж буй аж.
Одоо л Монголд шүдний өвчин болоод буй авто тээврийн хэрэгслээс ялгарч буй бохирдлыг бидний урд алхаж яваа улс орнууд хэдийнэ шийджээ. Англичууд зохион бүтээгчдийнхээ дунд нийтийн тээврийн хэрэгслээс ялгарч буй утааг шүүх төхөөрөмж бүтээх уралдаан зарлаж байлаа. Гурван ч бүтээлийг шалгаруулах, хэрэглээнд нэвтрүүлж байв. Энэ бол 1960-аад он. АНУ ч ялгаагүй. Тэртээ 1930-аад оны үед хорт утааны ялгаралтыг багасгах шүүлтүүр зохион бүтээсэн ч хэрэглээнд нэвтрэхгүй байсаар 50-иад онтой золгосон билээ. Хамгийн ойрын жишээ гэвэл Өмнөд Солонгосын жишээ байна. Тус улсын үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд утааны шүүлтүүр зохион бүтээвэл зарим төрлийн татвараас чөлөөлнө гэдгээ Засгийн газрын хүрээнд мэдэгдэж байв. Татвараас чөлөөлөгдөхийг хүссэн компаниуд шүүлтүүрийн чанараараа өрсөлдөж, өдгөө дэлхийд жишиг болохуйц шүүлтүүрийн төхөөрөмж үйлдвэрлэдэг улс орны нэг болжээ.
Монголчуудын нийгмийн байдал хүнд байгаа. Дотооддоо бүтээгч үйлдвэрлэлгүй болохоор нийтийн тээврийн том оврын автобусыг Япон болон Өмнөд Солонгосоос авахаас өөр аргагүй. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд мэдээж дөнгөж саяхан үйлдвэрээс гарсан шинэ автобус авах боломж нэгэнт үгүй тул тэндээ хэдэн жил явсан автобус авдаг нь үнэн. Бизнес эрхэлж буй байгууллагыг ч, ажил хийж буй хүнийг ч энд буруутгах ямар ч боломжгүй, үндсэндээ үүнээс өөр арга үгүй юм. Харин нэгэнт том оврын автобуснуудыг бүгдийг нь хөдөлгөөнд оролцуулахгүй байх боломжгүй учраас автобусны хорт утааг бууруулах шүүлтүүр суурилуулах нь хамгийн үр дүнтэй сонголт байх болно. Их Британи, АНУ, Япон, Малайз зэрэг улсууд бүгд дээрх аргаар хорт утаанаасаа ангижирчээ. Тэгэхээр энэ техниологи Монголд нэвтэрч байгаа нь маш зөв хэрэг юм.
Одоогоос олон жилийн өмнө яг манайх шиг асуудалтай байсан Өмнөд Солонгосын “Серакомб” компани Монголд туслахаар болж олон шүүлтүүрт “DPF” төхөөрөмжийг өөрсдийн зардлаараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй дөрвөн ч автобуст суурилуулан туршиж буй ажээ. Өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн судалгаагаар дээрх төхөөрөмжийг суурилуулснаар автобуснаас ялгарч буй хорт утаа 85-90 хувиар буурч байгаа гэсэн сайн дүн гарсан байна. Дэлхий нийтэд хэрэглэж байгаа, бидний жишээ болгож буй хорт утаа шүүх төхөөрөмж нь “Цэрэнбатын утаагүй зуух”-наас тэс өөр зүйл гэдгийг сануулахад илүүдэхгүй. Өдгөө энэ төхөөрөмжийг Мексик, Бангладеш тэргүүтэй долоон улс хэрэглэдэг ба хорт утаа шүүх хувь хэмжээ нь манайх шиг үр дүнтэй байгааг мэдээллийн сангаас харж болно.
Эцэст нь, уншигч танд нэг зүйлийг сануулъя. Хэрэв та их хотын иргэн л бол, энэ хотод амьдарч буй л бол авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаа тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Таныг яг одоо энэ нийтлэлийг уншиж байх хооронд агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлөөр 15 хүн оношлогдож байгаа....!!!
Сэтгэгдэл ( 1 )
Ерѳѳсѳѳ энэ хуучин аймшгийн автобуснууд чинь угаартуулж алах гээд байна аа. Нүдэн дээр утаа олгойдуулаад яваад байхад ядаж зогсоочихолдоо