ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн 76.9 хувийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. ҮАБЗ-өөс бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалтыг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдсэн юм.
Энэ дагуу Ерөнхийлөгчийн зүгээс “Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрч, хууль, шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг байхгүй болгож, улмаар Монгол төрийг нэр хүндгүй, улс орноо удирдах чадавхигүй болгож байна. Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах түвшинд хүрчээ гэж дүгнэж байна. Иймд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан болно” хэмээгээд Шүүгчийн эрх зүйн байдлын хуульд өөрчлөлт оруулах замаар шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын нэгдсэн шийдвэрээр чөлөөлдөг болох хуулийн төслийг санаачилсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд уг хуулийн төсөл Үндсэн хууль болон бусад хуульд хэрхэн нийцэж байгааг лавлаж байв. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Энэ төслийг өргөн барьж байгаагийн учир нь С.Зоригийн хэрэг шиг 20 жил болж байгаа хэргийг илрүүлж чадахгүй байгаа хүмүүсийг ажлаа муу хийснийх нь төлөө халах асуудал юм. Одоогийн удирдлагууд хэргийг дахин авч үзэхгүй гээд байгаа учраас ийм хуулийн төсөл оруулж ирсэн. Хуулийн байгууллага алдаж болно. Түүнийгээ засахыг хүсэхгүй байгаа учраас олон нийтийн төрд итгэх итгэлийг алдагдуулсан явдал болж байна. Олон нийт 60 тэрбум нь хэрэг мөн гээд байхад хуулийн байгууллага нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй байна. Үндсэн хууль зөрчөөгүй. Засгийн газраас хуулийн төслийг дэмжсэн. Ер нь Үндсэн хуульд шүүгчийг томилох, огцруулах асуудал Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжиж Ерөнхийлөгчид ирдэг. Энэ журмаар л явна. Ажлаа хийдэг хуулийн байгууллагатай болох зорилготой хуулийн төсөл юм” гэсэн тайлбар хийлээ.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Би хүнийг эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудлыг 3 жил судалсан. Бий болсон нөхцөл байдлыг Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын даргад танилцуулсан. Туйлын ноцтой байдлаар эрүүдэн шүүсэн нь үнэн. Ард түмэнд үүнийг үзүүлэх ёстой. Аль улсад амьдарч байгаа билээ. Аль улсын хуулийн байгууллага ажиллаж байгаа билээ гэдэг асуудал яригдаж байгаа. Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Тагнуулын даргад энэ асуудлаар захидал бичсэн. Чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн. Хууль хяналтын байгууллагыг удирдаж байгаа хүмүүст хууль хамаагүй болсон. Цэцийн шийдвэр ч хамаагүй болсон. “Эрдэнэт”-ийн асуудлаар Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гээд байхад л Үндсэн хуулийн шийдвэрийг үл хэрэгсэж байгаа шүү дээ. Эд нарыг дуртай болгоноо хий гэж томилоогүй. Эрүүдэн шүүх нөхцөлийг бүрдүүл гэж томилоогүй. Үүнд УИХ хариулт өгөх ёстой. Энэ газар шороон дээр эрүүдэн шүүлт сэргэх ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )