Улсын Их Хурлын Тамгын газраас төрийн албан хаагчийн сургалтад багшлах сургагч багшийн хүний нөөцийг бүрдүүлэх, сургалтыг удирдан чиглүүлэх онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Хоёр өдөр болох уг сургалт өнөөдөр /2019.04.15/ эхэллээ. УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх, зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна.
Сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ, УИХ-ын Тамгын газрын хэмжээнд анх удаагаа сургагч багш бэлтгэж байгааг онцлов.
Сургалтад оролцогчдод УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан “Төрийн эрх мэдлийн хуваарилалт ба хууль тогтоох эрх мэдэл” сэдвээр эхний хичээлийг орлоо.
Хоёр өдрийн хугацаанд мэргэжлийн багш, илтгэгчид хууль тогтоох байгууллагын ажилтны ажил мэргэжлийн онцлог, баримтлах зарчим, ёс зүй, хуулийн төсөл боловсруулах үйл явц, хууль зүйн техник, насанд хүрэгчдийн сургалтын онцлог зэрэг сэдвүүдээр хичээл орж, оролцогчдыг сургагч багш болоход бэлтгэнэ.
Түүнчлэн, сургалтын төгсгөлд сургалтад оролцогчдоор сургалтын төлөвлөлтийг дасгал ажлаар хийлгүүлснээр заах арга зүйн чадварыг нь үнэлэх юм.
Төрийн албан хаагчийн сургалтад багшлах сургагч багш бэлтгэх энэхүү сургалтыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн баталсан хөтөлбөрийн дагуу УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын төлөөллийн байгууллагыг дэмжих нь төсөлтэй хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )