P53 төслийн хүрээнд нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өглөө

2019 оны 04 сарын 30

Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороогоор дамжуулан “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрх зүйн орчинг сайжруулах” бүсийн төслийг Европын Холбооны санхүүжилтээр 2017-2018 онд хэрэгжүүлсэн. 

1,5 жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн  дүгнэлт хуралдаан өнөөдөр /2019.04.30/ боллоо.

Уг төслийн үр дүнд Биологийн болон хорт зэвсгийг хориглох тухай 1972 оны конвенц,  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 дүгээр тогтоолын шаардлагыг хэрэгжүүлэх Монгол Улсын үндэсний хуул эрх зүйн орчны судалгаа, Олон улсын эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг хэрэгжүүлэх үндэсний түвшинд хэрэгжүүлсэн арга хэмжээний хууль эрх зүйн орчны судалгаа болон НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын хамтарсан Хүнсний Эрх Зүйн Комиссын стандарт, удирдамж, зөвлөмжүүдийг үндэсний түвшинд хэрэгжүүлсэн арга хэмжээний хууль эрх зүйн орчны судалгааны тайланг боловсруулсан.Энэ нь цаашид биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрх зүйн орчинг сайжруулахад үнэтэй хувь нэмэр үзүүлнэ гэдгийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христа болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нар  онцоллоо.

Биологийн аюулгүй байдал, биохамгааллын чиглэлээр чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд нийт кабинетийн 6, лабораторийн 2, мөн Англи Улсын Эрүүл мэндийн төвтэй хамтран олон улсын түвшний 2 сургалт зохион байгуулж, нийт 339 мэргэжилтнийг сургалтад хамруулсан нь үндэсний хэмжээнд чадавхижуулах ажил 1 алхамаар урагшилсан гэж үзэж байна.

Мөн төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй дараагийн лабораторийн тоног төхөөрөмж болон 1 удаагийн хамгаалах хэрэгсэлийг Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, зэрэг байгууллагуудад гардууллаа.

Түүнчлэн Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрх зүйн орчинг сайжруулах” төслийн үр дүнгийн хуралд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл оролцлоо. Тэрбээр Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо нь Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE initiative) санаачлагатай хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчинг сайжруулах P53” бүсийн төслийг 2017 оны 9 сараас эхлэн 1,5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дуусаад байна. Хүний нөөцийн болон лабораториудын чадавхийг бэхжүүлэх ажил нь биоаюулгүй байдлыг хангахад бидний өмнө тулгамдсан томоохон асуудлын нэг бөгөөд цаашид тогтвортойгоор сайжруулахад БОАЖЯ , БАБХҮХ анхаарч ажиллах болно хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top