Украины Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Зеленский ялсан болохыг албан ёсоор зарлалаа. Зеленский сонгогчдын 73,23 хувийн санал авсан бол одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенког сонгогчдын 24,45 хувь нь дэмжжээ. Саналын хуудасны 2,31 хувь нь хүчингүйд тооцогдсон байна. Украины хуулиар сонгуулийн дүнг албан ёсоор зарласнаас 30 хоногийн дотор шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх ёстой.
Ялагдлаа хүлээн зөвшөөрсөн Петр Порошенко СЕХ-ны албан ёсны мэдээллийн дараа Зеленскийд утасдаж, Оросын эсрэг хамтран тэмцэх санал тавьсан байна. Тэрбээр “Сонгуулийн өрсөлдөөн өнгөрлөө. Одоо бид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимиру Путинд манай орны шилжилтийн эмзэг үеийг ашиглах боломж олгохгүй байх хэрэгтэй. Донбассын иргэдэд орос паспорт олгохоор болсон нь Орос улс манай эсрэг шинэ дайн эхлүүлснийг харуулж байна. Би бүрэн эрхийнхээ үлдсэн хугацааг Оростой хийх тэмцэлд зориулна. Энэ тэмцлийг үргэлжлүүлэн хийх нь шинэ Ерөнхийлөгчийн үүрэг” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )