Zindaa.mn энэ удаагийн аудио зохиолоор МЗЭ-ийн шагналт яруу найрагч Аюурбуньяагийн Лхагвагийн" ААВААСАА ХОЙШ" шүлгийг та бүхэнд сонордуулж байна.
Уншсан: О.Батсүх
ААВААСАА ХОЙШ
Өлмий шүргэх цэцэг өргөсөөр хатгахыг үзлээ
Өндөр алсын тэнгэр нулимсаар нурахыг харлаа
Өрдсөн галын дөл тулгандаа дальдрахых мэдэрлээ
Өвгөн бүргэд цохион дээрээ хөшсөнөөс хойш
Хүлэг морио цуцаан байж хүний газар очлоо
Хүү минь гэж өндөлзсөн,алга сэтгэлийг харлаа
Аавын бийд танилцсан хүн хүний гараас
Алтан аягатай усыг ууж,аав шиг аавыгаа мэдэрлээ
Адуу адууны нь сор ааштай хул азарганы
Алтан ташаан дээрх мөнгөн тамга бүдгэрв үү
Номхон мориных нь ногт нойрон дунд зангирч
Догшин морьдных нь чөдөр доголон зүүдийг ороолгов.
Эрхий гурав ороох эр хархан сураар
Элдүүр хатуу хорвоог зангилж чагталж явна.
Нүдгүй нүцгэн талд халуун чулуу долоож
Нүдтэй нөмгөн тэнгэрт тамгаа дарж л явна.
Айргаар бялхаж сагасан архад дархад хөхүүрний
Амсар цаашаа харж,ам уруул нь омголтов уу
Сүүтэй саамтай гүүний дэлэн нь чинэж сэрийжээ
Сүүгээрээ амлуулж өсгөсөн ижий минь ундаас ч цайсав уу .
Нимгэн нөмгөн зүүдэнд хазаар,ташуур үзэгдэхэд
Нэлмэгэр цэнхэр хорвоод хазгай бусгаа гишгэв үү би
Халтар Цантын ууланд халиун буга хоногложээ
Хайрхан өндөр аавын минь сүнс нь биш байгаа...
Ааштай бааштай хорвоогийн арга эвийг олох гэж
Ааваасаа хойш хүү нь,унаж босож л явнаа
Алганы амттай үгээр нь зүүд нойрондоо ч цангаж
Андуу эндүү хорвоод танаараа л ганцханн дутах юм аа.
Сэтгэгдэл ( 1 )
Таныхаа эзгүй хорвоотой эвлэрч, тэрсэлж л явна даа