Сайжруулсан түлшинд сайн уу гэх үү!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Одоогоос яг нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд санаачилж, Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхгүй, оруулахгүй байхаар болсон. Товлосон хугацаа болоход яг хоёр хоног үлдлээ. Гэр хорооллын айл өрхийн 80-аас илүү хувь нь нэг сая гаруй тонн түүхий нүүрс түлж Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлдөг гэх судалгаа бий. Нэг ёсондоо 200 гаруй мянган яндан нийслэл хотын бохирдлын эх үүсвэр гэж ойлгож болох юм. Чухамдаа агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх зүйл нь түүхий нүүрс түлүүлэхгүй байх гэж үзсэн Засгийн газрын тогтоол энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

ОРОН ТООНЫ БУС 5000 ГАРУЙ АЖИЛТАН ТҮҮХИЙ НҮҮРСЭНД ХЯНАЛТ ТАВИНА

Улаанбаатар хотод энэ сарын 15-наас хойш түүхий нүүрс түлэхгүй. Их хотод түүхий нүүрс түлж байгаа эсэхэд хороодын 4-5 хүн хяналт тавьж чадахгүй учраас орон тооны бус ажилчдыг сургалтад хамруулж эхэлсэн байна. Нийслэл хотын хэмжээнд 4604 орон тооны бус ажилтан түүхий нүүрсэнд хяналт тавих юм. Хороодын хэсгийн ахлагч нараар дамжуулан, орон тооны бус ажилчдад жилийн хугацаанд 112 удаагийн сургалт зохион байгуулжээ. Ялангуяа агаарын чанарыг сайжруулах I, II, III, IV бүсэд мөрдөх журмыг сурталчилсан зурагт хуудас, тээврийн хэрэгсэл, тоосжилттой зам, барилгын ажил зэрэгт агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг таниулсан зурагт хуудсуудыг олон нийтийн газар байршуулсан байна.

УХААЛАГ УТСАНД СУУРИЛСАН ШАЛГАЛТ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос түүхий нүүрсний хэрэглээг Улаанбаатар хотод хориглосонтой холбогдуулан өрх, айл бүрээр нэг бүрчлэн судалгаа хийхээр болсон. Энэ зун болон ирэх намар эхлэх дээрх судалгааг хороодын ажилчид болон орон тооны бус ажилчид хийх хуваарьтай байна.

Түүхий нүүрс Улаанбаатар хотод оруулахгүй байх үүднээс Цагдаагийн ерөнхий газарт 58 хүнтэй шинэ нэгж бий болжээ

Тэгвэл дээрх судалгааг уламжлал болсон цаасаар анкет хэлбэрээр авалгүй ухаалаг утсанд суурилсан тусгай аппликейшн ашиглан хийхээр болжээ. Дээрх аппликейшныг хороодын хэсгийн ахлагч нараараа дамжуулан татаж авах бөгөөд байршил тогтоогч, тухайн айл, өрх чухам аль нутаг дэвсгэрт амьдарч байгааг автоматаар тогтоох систем, түүнчлэн ямар арга хэмжээ авах, хэдий хэр хэмжээний сайжруулсан түлш түлэх шаардлагатай зэргийг аппликейшн өөрөө тогтоох чадвартай юм байна. Ухааалаг утсанд суурилсан төхөөрөмж ашиглах зааврыг орон тооны болон орон тооны бус ажилчдад таван удаагийн сургалт хийжээ.

НЭГ ӨРХӨД ДУНДЖААР 2.6 ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХУДАЛДАНА

Орчны бохирдол бууруулах Үндэсний хороо болон Улаанбаатар хотоос явуулсан судалгаагаар нэг өрх дунджаар 2-6 тонн түлш хэрэглэх судалгаа гарчээ. Энэ судалгааны дагуу Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт байрлах 550 гаруй цэгээр худалдаалах юм.

“Сайжруулсан түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх, хомсдол үүсгэхгүй байх үүднээс их хэмжээгээр худалдаалахгүы байхаар шийдсэн. Нэг өрхөд дунджаар 2-6 тонн сайжруулсан түлш худалдаалах урьдчилсан тооцоолол гарсан. Одоогоор бид усны болон автобусны карт хэлбэрээр тарааж, өрх бүр тухайн картаа цэнэглэдэг байдлаар тараахаар ярилцаж байгаа” гэж Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Ч.Гантулга ярьсан юм. Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж байгаа. Нэг шуудай нь 3750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулагдах тооцоотой байна.

ТАВАН КОМПАНИ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭНЭ

Түүхий нүүрсний тэр их хэрэглээг нөхөхийн тулд таван компани шахмал түлш үйлдвэрлэн иргэдэд тараах гэж байна. Дээрх компаниудыг дурдвал “Бэржинхангай”, “Эрдэнийн болор илч”, “МСРТ”, “Гүүдшэйринг”, “Тавантолгой түлш” ХХК-иуд ажиллаж байгаа аж. Дээрх үйлдвэрүүдийн агуулах, нөөц бэлтгэсэн байдал, нүүрсэн болон самын ясан, үртсэн шахмал түлшнүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавин ажиллах юм байна. Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх компаниудаас хамгийн том нь болох “Тавантолгой түлш” ХХК ирэх өвөл гэхэд 600 мянган тонн сайжрулсан шахмал түлш нөөцлөх төлөвлөгөөтэй байгаагаас 60 мянга гаруй тонн түлш үйлдвэрлэн, 100 мянга гаруй тонн түүхий эдийг татан төвлөрүүлсэн байна. Тус компани одоо нэг л шугамаар үйл ажиллагаа явуулж буй боловч нэмж хоёр шугам гаргавал хэрэглээг бүрэн хангахуйц түлш үйлдвэрлэнэ гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг хэлж байсан юм. Тавантолгойн бүлэг ордын нүүрсний чанар өндөр учраас бүрэн шатаж, илч дулаан тэсэх чадвар нь бусад түлштэй харьцуулахад харьцангуй өндөр учраас шахмал түлшний дийлэнх хэрэгцээг хангуулахаар ажиллаж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(174.241.14.109) 2019 оны 05 сарын 13

Kokjison nyyrs okay

0  |  0
Ард(64.119.21.206) 2019 оны 05 сарын 13

Таван толгой ХХК-ны шахмал түлш маш муу юм билээ.

0  |  1
Top